МАХН ганц олдсон квотоо үхүүлчихгүйн тулд
яаралтай хуралдаж, 2017 оны 05 дугаар сарын 16-ны 00.00 цагаас өмнө
С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болж материалыг нь Сонгуулийн Ерөнхий хороонд
хүргүүллээ.
Гэхдээ МАХН-ын яаран гаргасан шийдвэр
УИХ-ын гишүүн О.Баасанхүүд таалагдсангүй. Тиймээс \”Намаас гарна” гэдгээ ч
илэрхийлээд амжлаа. Зарим нь түүнийг эсрэг намууддаа худалдагдлаа, эсвэл \”нам
нь түүнийг тоохгүй байгаа учраас гомдоллож байна” гэгчлэнгээр тайлбарлаж байна.
О.Баасанхүү МАХН-ыг УИХ-д суудалтай
болгосон, цаашлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болгосон \”мундаг
хүн” л дээ. Гэхдээ түүнийг ийм мундаг хүн болоход даргынх нь оймс ч чухал
үүрэгтэй гэдгийг умартаж болохгүй. Харин мань хүн өөрийн сайнаар УИХ-д ганц
суудал авчихсан юм шиг пээдэлзэж явна.
СЕХ \”өмнө нь ял шийтгүүлж байсан, эх
орондоо сүүлийн таван жил тогтвортиой амьдраагүй гэдэг шалтгаанаар Н.Энхбаярыг
нэр дэвшүүлэх боломжгүй” гэж үзчихсэн. Тэгэхээр МАХН-д байгаа эрхийг ашиглахын
тулд хэн нэгнийг нэр дэвшүүлэх л шаардлагатай. Гэвч МАХН-д нөгөө намуудаас нэр
дэвшсэн хүмүүстэй өрсөлдөх чадвартай хүн даанч алга. Тиймээс л лам олдохгүй бол
буцахдаа зална гэгчээр цаг тулсан үед С.Ганбаатараас өөр сонголт олдсонгүй.
Гэхдээ энэ нь МАХН-ын хэсэг хүмүүсийн л
санал. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өөр бодол байж. Тэрээр \”хуульч
С.Нарангэрэл гээд мундаг хүмүүс байхад өөр намаас орж ирсэн хүнийг нэр
дэвшүүллээ” гэж бухимдлаа илэрхийлсэн. С.Нарангэрэл мундагаа мундаг. УИХ-ын
гишүүнээр ажиллаж, үндсэн хуулийг батлалцаж явсан туршлагатай улс төрч, хуульч.
Гэвч ард түмэндээ үнэлэгдэж, М.Энхболд, Х.Баттулга нартай өрсөлдөхүйц чадамж
байхгүй гэж харж байгаа.
Тэгвэл С.Нарангэрэлээс өөр МАХН-д нэр дэвших боломжтой
хэн байна вэ. Санал хуваах зорилгогүй, яг өрсөлдөж ялалт байгуулна гэсэн итгэл
үнэмшилтэй хүн байна уу гээд хайхаар хүн олдохгүй л байна. Эсвэл О.Баасанхүү
өөрөө нэр дэвших сонирхолтой байсан юм болов уу. Уг нь нас, гарал угсаа, ял шийтгэлгүй,
Монголдоо байсан гээд шаардлага шалгуурыг хангаж байна л даа. Тэгэхээр
Эрдэнэтээс нэг суудал авч чадсан гишүүн Монголоос нэг суудал авч чадна гэж бардсан
юм болов уу. Цааш чин хүсэл нь энэ байсан болохоор л С.Ганбаатарыг нэр
дэвшүүлсэнд дургүйцэж, намын гишүүнчлэлээсээ татгалзах хүртлээ гомдоллож яваа
байж магадгүй л юм.
А.Аюуш