Газын зурваст зуны улирал дөхөхтэй зэрэгцээд эрүүл мэндийн шинэ хямрал нүүрлээд буйг НҮБ анхаарууллаа. Тодруулбал, шигүү суурьшсан майхан хорооллын оршин суугчдын дунд арьсны өвчин дэгдээд байна. Цаг агаар дулаарах болон ариун цэврийн стандарт алдагдахтай холбоотойгоор сүүлийн саруудад арьсны халдварт өвчний тохиолдол гурав дахин өсчээ. Ялангуяа хүүхдүүдийн дунд хамуу, салхин цэцэг зэрэг өвчин түгээмэл байна.
Өнөөдөр Газын зурваст ард иргэд хогийн цэгийн дэргэд, нохой, муур, нохой бөөс, харх гээд янз бүрийн амьтантай зэрэгцэн аж төрж байна.
Энэ байдлаараа 2024 оны зун болсон явдал давтагдах вий гэж иргэд болон эрүүл мэндийн албан тушаалтнууд санаа зовж байна. Тухайн үед эмчилгээний тоног төхөөрөмж, эм тангийн хомсдолоос болж Газын зурваст дор хаяж 150 мянган хүн арьсны өвчнөөр шаналжээ.
Өвчний тархалтыг зогсоох эрүүл мэндийн байгууллагуудын оролдлого Израилийн бүслэлтээс болж ихээхэн хязгаарлагдаж байгаа юм. Эмнэлгийн хэрэгсэл маш хомс байгаа тул хүмүүс өвдсөн нэгнээ гэрийн нөхцөлд эмчлэхийг хичээж байна.
НҮБ-ын төлөөлөгчийн хэлснээр Газын зурваст арьсны халдвар, бөөс нэмэгдэж байна. Иймд бөөс устгах шампунь, тос, ариун цэврийн хэрэгсэл, хортон шавж устгах бодисуудыг нэвтрүүлэх боломжийг нэмэгдүүлэхийг тэр уриалж байна.











































































