ОХУ лхагва гарагт Украинд хамгийн өргөн цар хүрээтэй цохилт өгсөн талаар Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
Тодруулбал, 05 дугаар сарын 13-ны өдөр ОХУ Украины нутаг дэвсгэрт их хэмжээний цохилт өгч, үдээс хойш ч цохилт үргэлжилсээр байсан аж.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн мэдэгдсэнээр, 05 дугаар сарын 13-нд шилжих шөнөөс эхлэн 800 гаруй дроноор Украины нутагт цохилт өгчээ.
“Шөнөөс эхлээд л Оросын цохилтын үр дагаврыг арилгах ажил үргэлжилж байна. 800 гаруй дрон, 13 пуужингаар цохилт өгсний 4 нь баллистик пуужин байсан. Зарим дрон Украин, Беларусийн хилийг давсан гэх мэдээлэл байна” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Телеграм хуудсандаа бичжээ.
Түүний онцолсноор, ОХУ өдрийн туршид дрон тасралтгүй хөөргөж, НАТО-ын орнуудын хилтэй ойр бүс нутгуудад зориуд цохилт өгсөн гэнэ. Энэ нь “агаараас эсэргүүцэн хамгаалах системийг доголдуулж, аль болох их хор уршиг учруулах зорилготой” хэмээн Володимир Зеленський мэдэгджээ.
“Дэлхий дахин энэ талаар дуугүй өнгөрч болохгүй. Оросын жинхэнэ эрмэлзлийг бусад орнууд, тэдгээрийн төрийн тэргүүнүүд мэдэх нь чухал. Энэ алан хядах ажиллагаанд цэг тавихын тулд Оросын түрэмгийлэгчид бодитоор дарамт шахалт үзүүлэх хэрэгтэй” хэмээн Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
Түүнчлэн, АНУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчлахаар ирсэн өдөр ОХУ өргөн цар хүрээтэй цохилт өгсөн нь анхаарал татаж байгааг тэр бээр онцолсон байна.
“Энэхүү геополитикийн ээдрээтэй мөчид Орос улс улс төрийн уур амьсгалыг эвдэж, украинчуудын амь, Украины дэд бүтцийг золиослон өөрсдийн хорон үйлдэлд бусдын анхаарлыг татах гэж хичээж байна” хэмээн Ерөнхийлөгч Володимир Зеленський мэдэгджээ.
Эх сурвалж: Euronews

































































