2026 оны гуравдугаар сарын 18-нд татан буугдсан “Эрчист Монгол” ТӨХХК-ийн харьяанд ажиллаж байсан 6 компани 4 тэрбум төгрөгийн өрийг төр төлж барагдуулахаар болсон билээ.
Тэгвэл Үндэсний аудитын газраас УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин удирдсан “Эрчист Монгол” ТӨХХК-ийн 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “ХЯЗГААРЛАЛТТАЙ ДҮГНЭЛТ” гаргасан байна.
Тодруулбал, аудитаар нийт 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд энэ нь материаллаг түвшнээс давсан тул тайланд “хязгаарлалттай дүгнэлт” өгчээ.
Аудитаар нийт 1,8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэнд, 317.9 сая төгрөгийн сая төгрөгийн 3 албан шаардлага хүргүүлж, 1,4 тэрбум төгрөгийн 5 зөвлөмж өгчээ.
Тухайлбал,
Үндсэн хөрөнгө худалдан авсан 143 сая төгрөг, цалингийн өглөг 42.9 сая төгрөг, татварын өр 6.4 сая төгрөг, санхүүгийн тайланд 192.3 сая төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй тайлагнаж, төсвийг зохистой удирдаж ажиллаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хууль болон компанийн дотоод журмыг баримтлалгүй 12 дугаар сард 19 ажилтанд 47.4 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг олгохдоо 4 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх илүү цагаар ажилласан цагийн хүснэгтийг үндэслэж нөхөн олгосон.
Байгууллагын хэмжээнд картлагдаагүй 87 ширхэг 25.2 сая төгрөгийн тавилга эд хогшил, 34 ширхэг 53 сая төгрөгийн компьютер, түүний дагалдах хэрэгслийг ашиглалтад тавьж олгоогүй, хэрэгцээ шаардлагад үндэслэн худалдан авалтыг зохион байгуулаагүйгээс шаардлагагүй хөрөнгө бэлтгэсэн.
ДЦС IV ТӨХК-аас авах 1,1 тэрбум төгрөгийн авлагыг санхүүгийн тайланд тусгах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ дүгнэх эсэхийг эцэслэн шийдвэрлээгүй.
Компанийн балансад бүртгэлтэй 3 төрлийн 388 ширхэг 358.9 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг жилийн эцэст тоолсон тооллогын комиссын зарим гишүүд тайлан, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулаагүй байна.
Мөн оны сүүлд авсан тавилга, эд хогшлоос угсраагүй шинээрээ байгаа бичгийн шүүгээ 7, хувцасны шүүгээ 3, ширээ 11, сандал 16 ширхэг хөрөнгө үлдсэн зэрэг ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ.








































































