Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас дараах мэдээллийг хийжээ.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад энэ онд хийсэн хариу төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар хоёр улсын өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх талаар санал солилцсон.
Мөн энэхүү айлчлалын үеэр хоёр улсын худалдааны эргэлтийг 500 сая ам.долларт хүргэх, энэ хүрээнд тээвэр, логистикийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, соёл, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх, хүүхэд залуучууд, спортын салбар дахь харилцааг өргөжүүлэх, аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнесийн орчныг бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг өргөн хүрээний асуудлуудаар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтсон. Эдгээрийг ажил хэрэг болгоход хоёр талын Элчин сайдын яам төдийгүй Консулын газрууд чухал үүрэгтэй.
Бүгд Найрамдах Казахстан Улс нь Төв Азийн бүс нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүчний нэг болж буй бөгөөд Евразийн өргөн уудам орон зайд Ази, Европыг холбосон стратегийн зангилаа байрлалтай бөгөөд бүс нутгийн худалдаа, тээвэр, логистик, эрчим хүч, дижитал холболтын томоохон төв болон хөгжиж байна.
Эдүгээ дэлхийн эдийн засаг, геополитикийн шинэ чиг хандлагын хүрээнд Төв Азийн бүс нутгийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж байна. Ялангуяа Бүгд Найрамдах Казахстан Улс нь олон улсын тээврийн коридор, худалдааны урсгал, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг бий болгох замаар Евразийн хамтын ажиллагааны чухал тулгуур болоод байна. Ийм нөхцөлд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодлогын хүрээнд Казахстан Улстай хамтын ажиллагааны механизмуудыг идэвхжүүлэх чиглэлийг баримталж байна.
Гадаад харилцааны яам нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж, хоёр талын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар, харилцан ойлголцлын зарчимд үндэслэн шийдвэрлэх болно.
КОНСУЛЫН ГАЗАР НЭЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТАЙЛБАР
Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.
Монгол Улсын соёрхон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог.
Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.
Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулсын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг.
ИРГЭД ЗОРЧИХ БОЛОН ОРШИН СУУХТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Одоогийн байдлаар Монголын “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Алматы хотуудын хооронд долоо хоногт 4 удаа, Казахстаны SCAT компани Астана-Улаанбаатар хотуудын хооронд долоо хоногт 2 удаа шууд нислэг үйлдэж буйгаас гадна Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг эхлүүлэх асуудлыг судалж байна.
ХХЕГ-аас гаргасан мэдээллээр 2025 оны байдлаар Монгол Улсад Казаxстаны 24,395 иргэн зорчсон бол Казаxстанд Монгол Улсын 23,849 иргэн зорчжээ.
Харин Монгол Улсад Казаxстан Улсын 575 иргэн, Казаxстанд Монгол Улсын 8,825 иргэн байнга оршин сууж байна.









































































