Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын тээврийн хэрэгсэл Патрол загварын автомашинтай мөргөлдсөн осол гарснаар хүчтэй дэлбэрэлт болж, гал гарсан.
Үүний улмаас долоон хүний амь нас эрстэж, бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм.
Уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болж, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалтыг үндэслэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байв.
Тэгвэл нийслэлийн прокурорын газраас “Дашваанжил” ХХК-ийн жолооч Н.Р-ийг Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн тээврийн хэрэгслээр 15.7 тонн шингэрүүлсэн хий (газ) тээвэрлэж, замын хөдөлгөөнд оролцохдоо Ниссан патрол (Nissan Patrol) загварын тээврийн хэрэгсэлтэй шүргэлцсэний улмаас их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдаж байхад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж, хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүсэж, улмаар 7 хүний амь нас хохирсон, бусдын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан хэрэгт буруутайд дахин тооцсон байна.
Түүнийг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд дахин шилжүүлсэн талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.









































































