Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Драмын Эрдмийн Театрын урд талын талбай дээр лед дэлгэц бүхий байгууламж суурилуулсныг УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар эсэргүүцэж, удаа дараа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл уг асуудлаар НИТХ-ийн төлөөлөлөгч З.Төмөртөмөө лед дэлгэцийг зөвшөөрөлтэй байрлуулсан гэж мэдэгдлээ. Тодруулбал, “Зөвшөөрлөө хөөцөлдөөд авсан хувийн аж ахуй нэгжийн хэдэн залуус байна билээ. Энэ шантаажчдаас болж өр зээл нь яаж байгаа бол гэж бодох юм. Эргэн тойрны газраа бүгдийг нь зарж идэхдээ та нар таг дуугүй байсан. Хувийн аж ахуй нэгжээ хуулийн хүрээнд хамгаална. Тэр хол байгаа дэлгэц та нарт огт хамаагүй. Учрыг нь судалсан би хурал дээр нээлттэй ярьж, хэвлэлд яриа өгөх болно” гэжээ.
Мөн тэрбээр, “Драмын театрын нөхдүүд алдарт “Эко констракшн” компаниас авилга авсан байх өндөр магадлалтай. Учир нь урдах нийтийн эзэмшлийн талбайг давхар зогсоол болгон, ар талын баригдаж буй өндөр шилэн барилгад худалдах гэж байна. Үүнийг эсэргүүцнэ. Шалгуулна” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.








































































