Социализмын үед үнэ нь эрэлт нийлүүлтээр биш даргын шийдвэрээр тогтдог байсан.
Гэтэл чөлөөт зах зээлд шилжээд 36 жил болсон ч төрөөс үнэ буулгахыг, цалин тэтгэвэр нэмэхийг даргаас шаардсаар. Чөлөөт зах зээл ч гэж дээ… Үнэндээ Монгол чөлөөт зах зээл рүү шилжээгүй, зөвхөн mixed economy руу шилжилт хийсэн. Сүүлийн 36 жилд холимог эдийн засаг буюу төрийн зохицуулалттай зах зээлээр яваа.
Иргэдийн шахалтын хариуд улстөрчид төсөвт байхгүй мөнгийг амлаж, эцэст нь Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгө хэвлэх замаар энэ хүслийг биелүүлдэг. Эхний хэдэн сар амьдрал дээрдэж байгаа мэт санагдавч удалгүй төгрөгийн худалдан авах чадвар буурч, доллар, вон, юанийн ханш тэнгэрт хадна.
Хэдэн жилийн өмнө хүүхдийн мөнгө болох 20,000 төгрөгөөр нэг тор хүнс авч болдог байсан. Гэтэл УИХ-ын сонгуулийн өмнө 6-р сард хүүхдийн мөнгийг 100,000 төгрөг болгож өсгөсөн. Айл өрхүүдэд их нэмэртэй байв. Гэтэл 2026 онд 100,000 төгрөгөөр урьдын адил хэмжээний хүнс авч чадахгүйд хүрсэн.
Харин цалин, тэтгэвэр үнийн өсөлттэй адил хурдаар өссөнгүй. 2028 онд нөхцөл байдал улам хүндрэхэд “Хүүхдийн мөнгийг 200,000 төгрөг болгоё” гэсэн шинэ мэргэн санаа улстөрчдөд төрнө. Туйлдсан иргэд ч түүнийг нь зөвшөөрч, саналаа өгнө. Улсаар нь ядууруулах бодлого баримталж, данхгар төрийг бий болгосон улстөрчдөд хариуцлага тооцож, дахин сонгохгүй байх ёстой. Гэтэл энэ их хулгай дунд бага ч гэсэн бодитоор иргэддээ өгч буй мөнгө учир бид авах ёстой гэж иргэд нь тайвширна.
Юу гэж нэрлэж өгөхдөө биш, иргэдийн дансанд сонгуулийн өмнө мөнгө хийж байгаа үйлдэлд нь асуудал байгаа юм.
Ингэж энэ чөтгөрийн тойрог үргэлжилдэг.
Өөрөөр хэлбэл төгрөгөөр тооцвол Монголчуудын дундаж цалин өссөөр байгаа мэт боловч, олон улстай харьцуулбал Монгол хүний хөдөлмөрийн үнэ цэн ам.доллараар хэмжихэд өндөр биш хэвээр байна. Тийм учраас залуус нь бодит бүтээмжээр цалин өгдөг улсуудруу ажил хийхээр визээ хүлээж ойчирлосоор байна.
Сангийн яам нь татвараа багасгавал дарга нарын зохиосон элдэв гоё төсөл хэрэгжих боломжгүй болох тул татвараа бууруулах боломжгүй гэнэ. Дарга нар жил бүр шинэ гоё нэртэй хөтөлбөрүүд санаачилж, ТЭЗҮ хийж цаасан дээр манай улс тун удахгүй ямар сайхан хөгжих тухай ярина. Саяханы жишээ “Туулын хурдны зам төсөл” ямар том хулгай байсанг аудит нотлов.
Яагаад ийм болов?
• Учир шалтгаан нь бид улсаараа бүтээмж муутай байна. Ганц уул уурхайн экспортоос орж ирсэн мөнгөөрөө улсын төсвөө хэт үрэлгэн төлөвлөж, түүнийгээ бродюр солих, хөшөө дурсгал барих, 100 жилийн ойн баяр нижгэр тэмдэглэх гэх мэт дараа жилдээ үр ашиг авчирдаггүй зүйлсэд зарцуулж байна.
• Монгол улсыг халамжийн орон гэдгийг ихэнх хүн хүлээн зөвшөөрөх дургүй. Мөнгөн хэлбэрээр шууд иргэдийн дансанд орох мөнгөнөөс гадна манай улсад асар их далд халамж байдаг. Ус, цахилгаан, дулаан, нийтийн тээвэр, шатахуун, мах, гурил гээд бүгдийг бодит өртгөөр бус төрөөс үнийг зохицуулдаг. Үнэгүй зүйл хаана ч байдаггүй. Зөрүү төлбөрийг татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвөөс даана.
• Зах зээлд оролцох эрхийг төрөөс авах элдэв баримт бичиг, зөвшөөрлөөр дамжуулж хувь хүмүүсийг зах зээлл нээлттэй оролцохыг хязгаарлана. Клиентелист бүлэглэлүүд нь жинхэнэ бизнес эрхлэгчид биш. Тэдэнд инноваци нэвтрүүлж, чанараа сайжруулж, үнээ бууруулах шаардлага үгүй. Учир нь өрсөлдөгч орж ирэх боломжийг төр хааж, алдагдлыг нь татвар төлөгчид үүрчихнэ.
Иймээс тэд өөрсдөд нь тусгай боломж, хамгаалалт олгодог улстөрчдийг ямар ч үнээр хамаагүй дахин сонгуулахыг эрмэлздэг. Ингэж аливаа бараа бүтээгдэхүүн чөлөөт зах зээлийн зарчимаар сайжирдаг жам ёсны хөгжлийг боомилсоны төлөөс нь социализмын үед байсан шиг ахуйн хэрэглээгээ хязгаарлуулж, мөнгө төлж байгаа ч ойчирлохоос өөр аргагүй байдалд иргэдийг түлхдэг. Шатахуун, мах, утаагүй түлш гээд зөндөө жишээ бий…
Төрөөс хямд гэж байгаа үнэ нь бодит биш. Өвөлдөө иргэддээ хайртай дүр эсгэн Хятад улсаас 1тн түлшийг 1,100,000₮-өөр худалдан авч, ердөө 200,000₮-өөр иргэддээ борлуулдаг. Зөрүү 900,000₮ ялгаагүй л иргэдийн татвараас төлж байгааг даанч иргэд мэдэхгүй. Дундаас нь тодорхой хувь нь өнөөх сайхан сэтгэлт дарга нарын халаасанд орох нь дамжиггүй.
Эрчим хүчийг стратегийн салбар гэж нэрлэж төрийн өмчит компаниуд авч явна гэж 30 жил муйхарлаж, жил бүр улстөржсөөр нийтээрээ цахилгаангүй байдаг болов! Засвар үйлчилгээгээ хийлгүй явсаар УБ хотын дулааны шугамын 70 хувь элэгдэж, хэзээ ч задрахад бэлэн болов! 2 жилийн өмнө сүр дуулиантайгаар тарифыг өртөгт хүргэсэн ч өнөөх бүтээмжгүй төр өөрөө засаглаж байгаа учир ямар ч сайжруулалт хийсэнгүй өнөөдрийг хүрэв. Төр өөрөө баялаг бүтээгч биш учир бүтээмж төрөөс биш хувийн хэвшилээс бий болдог. Төрийн өмч эзэнгүй гэдгийг дахин батлав. Энэ бол зөвхөн нэг салбар дахь жишээ.
Бүтээлч хүмүүс нь цөхөрч, нийтээр нь олгодог төрийн бүх үйлчилгээ тэдэнд ямар ч хүртээлгүй хэвээр байсаар байна.
Үүнд, эрүүл мэнд, боловсролын салбарын доройтол орно.
Хөдөлмөрлөөд өдөр шөнөгүй ажил хийгээд байхад асуудлууд шийдэгдэхгүй байгаад иргэд бухимдах нь аргагүй. Тэр үед тараах мөнгө, ноогдол ашиг өгөх боломжгүй бол хэн нэгнийг үндэсний дайсан болгон цоллож, тэрхүү том мангасаас болж бид бүхэн ядуу байгаа гэж итгүүлнэ. Яаралтай асуудлыг анхаарлын төвөөс холдуулж элдэв нийгмийн дайсанг бүтээнэ. Хамгийн аюултай нь түүндээ цагдаа, прокурор, шүүхийг ашиглана.
Одоо төр юу хийх ёстой вэ?
Хамгийн чухал нь энэ их хөөсөрсөн улсын төсвийг танах, жил бүр бууруулах. Учир нь бүх юмны үнийг нэмэгдүүлж буй үндсэн шалтгаан болсон байхгүй мөнгөө улстөрчид зүүн гарараа Монгол банкаар хэвлүүлж, баруун гараараа Засгийн газрын хэрэгжүүлэгч яам агентлагуудаар дамжуулж үрдэг явдлыг таслан зогсоох юм.
Үүнд:
- Төр алдагдалтай төрийн өмчит компаниудаар дамжуулж, хувийнхантай өрсөлдөж компани байгуулж бизнес хийхгүй байх. - Нэмж элдэв хөшөө дурсгал, усан оргилуур барихгүй байх - ЖДҮ, Шинэ хоршоо гэх мэт хөнгөлөлттэй зээлээр дамжуулж улстөрчид тойрсон клиентлист бүлэглэлийг шинэ төслөөр тэжээхгүй байх - Төрд нэмж өмч төвлөрүүлэхгүй байх - Төр зах зээлд үнэ тогтоож оролцохгүй байх
Бид төрөөс юу шаардах хэрэгтэй вэ?
1. Татвар бууруулах
2. Уул уурхайн орон гэдгээ хүлээн зөвшөөрөх
3. Төрөөс хамааралгүйгээр шударгаар ажил, орлоготой байх боломж өгөх
4. Төрийг цомхон болгох, шаардлагагүй орон тоог үе шаттайгаар бууруулах. Энэ нь хүмүүсийг ажилгүй болгох тухай биш. Харин хөдөлмөрийн нөөцийг илүү баялаг бүтээгч, бүтээмжтэй хувийн салбар руу шилжүүлэх тухай юм.
Жишээлбэл, өнөөдөр айл өрхийн цахилгааны тоолуур уншиж, төлбөрийн мэдээллийг цаасаар наадаг ажлыг бүрэн автоматжуулах боломжтой. Ингэснээр жилд 20 орчим тэрбум төгрөг төсөвт хэмнэгдэхээс гадна тухайн ажилтнууд илүү өндөр ур чадвар шаардсан шинэ ажлын байранд шилжих боломж бүрдэнэ. Хүний нөөцийн хомсдолтой, хүн ам цөөтэй манай улсын хувьд автоматжуулалт зөв шийдэл мөн
5. Эрчим хүчний салбарт хамгийн таатай орчин яаралтай бүрдүүлэх. Цахим ертөнц, хиймэл оюун бидэнд маш том шинэ хаалгыг нээж байна. Энэ том шилжилтээс бид хоцорч болохгүй.
Эцэст нь үнийг тушаалаар буулгаж болдоггүй. Улстөрчдийн “үнэгүй”, “хөнгөлөлттэй”, “хямд”гэж хэлдэг зүйл бүр үнэндээ “таны төлсөн татвараар гэсэн үг. Өнөөдөр татвараар төлөхгүй юмаа гэхэд маргааш инфляцаар төлнө, өрөөр төлнө. Чанаргүй, тасалдалтай төрийн үйлчилгээгээр төлнө.
Энэ мөчлөгийг таслахын тулд бид хэрсүү байх ёстой. Төр баялаг бүтээдэггүй. Иргэд баялаг бүтээж, өсөлт хөгжлийг бүтээдэг.
Гэтэл тэнд Монгол банк Засгийн газрын хүсэлтээр төсөв бүрдүүлэх гэж байхгүй мөнгөө хэвлэж, төгрөгийн ханшийг унагаж байна. Иймд улстөрийн хэт оролцооноос үүдсэн зах зээлүүдийн гажуудлыг бид засахыг хүсвэл иргэдийн зөв шахалт маш чухал.
Энэ зам хэцүү бас хол. Гэвч бүх зүйл сүйрэхээс өмнө эрт ухаарч, энэ данхгар төрийг хумих зөв замдаа орохгүй бол бид Венесуэл улсын араас ороход тун ойртож байна.










































































