Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан төсвийн тодотголыг дагаж үүсэх үнийн өсөлтийг бууруулахтай холбоотой мэдээллийг өглөө.
Тэрбээр “1.8 их наяд төгрөгийг төсвийн тодотголд оруулж байгаагаас хамаараад инфляцад тодорхой хэмжээнд өөрчлөлт орно гэх тооцоо гарсан. Статистикийн газраас авсан судалгаагаар инфляцад хоёр орчим хувийн нөлөөлөл үзүүлэхээр байгаа. Гэхдээ ямар бодлого хэрэгжүүлэхээс хамаарч энэ инфляцыг богино хугацаанд буулгах вэ гэх асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдсан.
Үнийн өсөлттэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар болон ЗГХЭГ-ын дарга миний бие орсон ажлын хэсэг байгуулагдаж байна. Зах зээлд цэвэр өрсөлдөөнийг бий болгох замаар үнийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллана.
Үүний тод жишээ нь агаарын тээврийн салбарт онгоц нисдэг есөн аймгийн тийзийн үнийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-70 хувь бууруулах шийдвэр гарсан. Үүнд татвар төлөгчдийн мөнгөнөөс дэмжлэг өгөөгүй” гэлээ.