Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр төрийн байгууллага, банк, санхүүгийн байгууллага, аппликэйшн хөгжүүлэгч болон хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзаж, цахим гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, тулгамдаж буй асуудал, цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газар болон Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим гэмт хэргийг бууруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг авч, ажиллаж байна. Дэлхий нийтээр цахим хэрэглээ цар хүрээгээ тэлж байна. Үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэрэг ихсэж, арга хэлбэрүүд нь нарийсаж, улс үндэстэн дамнаж явагдаж, иргэдийн санхүү, мэдээллийн аюулгүй байдалд бодит эрсдэл учруулж байна. Тухайлбал, иргэдийг цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болгох, банкны болон цахим хаягт нь хууль бусаар нэвтрэх, хуурамч зар сурталчилгаа, линк ашиглан мэдээлэл авах, цахим мөрийтэй тоглоомд татан оролцуулах зэрэг гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн цахим гэмт хэргийн тоо өсөж, 2023 онд 35.5 мянга гаруй, 2024 онд 44 мянга гаруй, 2025 онд 47.4 мянга гаруй, 2026 онд 30 мянга гаруй цахим гэмт хэрэг бүртгэгдээд байна” гэсэн юм. Мөн холбогдох байгууллагуудын мэдээлэл солилцоо, шуурхай ажиллагааг сайжруулах, цахим залилангийн үйлдлийг аль болох эрт шатанд таслан зогсоох, иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмжийг тогтмол хүргэх шаардлагатайг онцоллоо.
Банк, санхүүгийн байгууллагуудын зүгээс цахим залилантай холбоотой дуудлага, мэдээллийг шуурхай хүлээн авч, шаардлагатай тохиолдолд сэжигтэй гүйлгээг түр зогсоох, дансыг битүүмжлэх, хохирогч иргэдийн мэдээллийг шуурхай авах чиглэлээр 24 цагаар ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Цахим залилангийн дийлэнх хэсэг нь фэйсбүүк, тэр дундаа хуурамч хуудас, хаяг, зар сурталчилгаа, хуурамч холбоос ашиглан үйлдэгдэж байгаатай холбогдуулан цахим платформуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хуурамч хаяг, зар, домэйн болон вебсайтыг илрүүлж, хязгаарлах, хаах үйл явцыг шуурхай болгох шаардлагатайг оролцогчид хэллээ. Түүнчлэн банк, санхүүгийн байгууллагаас хууль сахиулах байгууллагад мэдээлэл гаргаж өгөх ажиллагаанд прокурорын зөвшөөрөл авах, цаасан хэлбэрээр хүсэлт хүргүүлэх зэрэг олон шат дамжлага байгаа нь шуурхай ажиллагаанд хүндрэл учруулж байгааг онцолж, цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, шаардлагатай мэдээллийг хуульд нийцүүлэн шуурхай авах эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал гаргав.
Банкны холбооны төлөөлөл төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байж цахим залилангийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг бууруулах боломжтойг онцолж, сүүлийн зургаан жилийн хугацаанд банкны салбарын хэмжээнд цагдаагийн байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх аян, сургалт, мэдээллийн ажлыг тогтмол зохион байгуулж ирснийг тэмдэглэв. Цаашид уг арга хэмжээг тогтмолжуулж, орон нутагт хүрч ажиллах, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарахаа илэрхийллээ.
Монголбанкны төлөөлөл төв банкнаас цахим залилан болон санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг мэдээлэв. Мөн иргэд өөрсдийн санхүүгийн болон цахим аюулгүй байдлаа хангах, мэдээллийн нууцлал, гүйлгээндээ тогтмол хяналт тавих шаардлагатайг онцоллоо.
Уулзалтын үеэр цахим залилангаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг банкны аппликэйшн болон бусад цахим сувгаар хэрэглэгчдэд тогтмол хүргэх, боловсролын тогтолцоонд цахим болон санхүүгийн аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх санал гарсан юм.
Мөн цахим орчин дахь хуурамч зар сурталчилгаатай тэмцэх чиглэлээр сошиал платформуудтай хамтран ажиллах, зар сурталчилгаа байршуулж буй этгээдийн баталгаажуулалтыг сайжруулах шаардлагатайг онцоллоо. Зарим банкны зүгээс Meta Platforms-тай хамтран хуурамч зар сурталчилгааг илрүүлэх, баталгаажуулах чиглэлээр ажиллаж эхэлсэн талаар мэдээлэв.
Уулзалтын төгсгөлд холбогдох байгууллагуудын оролцоотой ажлын хэсгийг үр дүнтэй ажиллуулах, мэдээлэл солилцоо, өгөгдөл боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, олон шат дамжлагын улмаас цаг хугацаа алдахгүй байх дотоод зохион байгуулалтыг бий болгох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс цахим залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр эрх зүйн орчин, технологийн судалгааг хийж, олон улсын түвшинд хүргэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчныг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хүндэтгэн хамгаалах зарчмыг баримталж ажиллахаа илэрхийллээ.











































































