Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахихбуюу шүдний өнгөрийг цэвэрлэж, угаах арга юм.
Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд зориулан гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой.
Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга:
1.Сүүн үүдэн шүд шүдлэх үе
Хүүхдийн сүүн шүд дөнгөж шүдлэх үед асран хамгаалагч нь хөвөн самбайгаар хуруугаа ороон буцалсан бүлээн усанд норгон үүдэн шүдний өнгөрийг цэвэрлэж өгнө. Шүдний сойзыг аманд бага багаар хэрэглэх байдлаар хүүхдийг дасгаж эхэлнэ.
2. Сүүн араа шүд шүдлэх үе
Асран хамгаалагч нь хүүхдийн толгойг өвөр дээрээ байрлуулан сууж, сойзоор шүдийг нь угааж /хэвтүүлэн угаах/ өгнө. Энэ байрлал нь шүд амыг бүрэн харж хянах боломжтой, хүүхдийг шүдний эмчид үзүүлэх байрлалд дасгах сайн талтай.
3. Сүүн шүд шүдлэж дуусах үе
Хүүхэд өөрөө шүдээ угаах дадал хэвшилтэй болсон байна. Асран хамгаалагч нь угаалт бүрийн дараа хянаж, дутуу бол гүйцэд угааж өгнө.
4. Байнгын шүд шүдлэх үе
Энэ үед эхлээд шүдний өнгөрийг сайтар цэвэрлэж угаасны дараа, фтортой оог хэрэглэх нь зүйтэй. Фтортой оогоор өдөрт 2-3 удаа угаалгаж хэвшүүлэх.Мөнунтахын өмнөх угаалт нь шүд цоорлоос сэргийлэх маш үр дүнтэй арга юм.
Хүүхдийн шүдийг угаахдаа сойзонд оог дараах байдлаар түрхэнэ.
2 хүртэлх насанд2-5 насанд5-с дээш насанд
Шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?
- Шүдний сойзны үс хатуу, хатуувтар, дунд, зөөлөвтөр, зөөлөн үстэй байдаг ба хүүхдэд амны хөндийн хэмжээ, салст, зуултын төлөв, шүдлэлт нас зэргээс хамааруулан сонгоно,
- Сойзны үсний орой мохоо мөртлөө, багц үсний толгой конус хэлбэртэй байх нь шүдний ховил, завсрыг цэвэрлэж өгдөг давуу талтай,
- Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.
Ямар төрлийн шүдний сойз худалдан авахад тохиромжтой вэ?
- Шүдний сойзны бүрэлдэхүүн хэсгүүд амны хөндийг гэмтээхээргүй байх,
- Сойзны хатуу үснүүд нь буйл болон амны хөндийг шархлуулахгүй байх,
- Сойзны бариул нь бат бөх, өдөр тутам ашиглах боломжтой байх,
- Сойзны толгой аманд хангалттай багтаж байхаар сонгох /амнаас том байж болохгүй/.
Сойзоо хэрхэн цэвэрлэж хадгалах вэ?
- Шүдний сойзыг 3-4 сар тутам сольж байх шаардлагатай. Сойзыг удаан хугацаагаар хэрэглэснээр амны хөндийд байрлах бичил биетэн сойзонд дамжин хадгалагдсанаар сойз нь нян тараах нөхцөлийг бүрдүүлдэг,
- Шүд угаасны дараа шүдний сойзыг урсгал усанд ооны үлдэгдэл, сойзны үсний сэмэрсэн хэсгийг зайлж байх,
- Сойзыг агаар хуурай газар босоо байрлалаар байлгана. Сойзыг ил, чийгтэй газар байлгаснаас нян өсөж үрждэг,
- Гэр бүлийн гишүүд сойзоо тусдаа тавих эсвэл зориулалтын сойзны толгой хэрэглэх шаардлагатай. Учир нь сойзыг зэрэг нэг газар тавих үед нэг сойзноос нөгөө сойз руу нян дамждаг.