1277 он. Египетийн мамлюк султан Бундукдар асар олон хүнтэй армиа авч Монголын Ил хаадын улсын эзэмшил Румийн хязгаарыг довтлов. Монголын хараат Зүүн Анатолийн Эрзунжан хотын захирагч Му-йн ад Дин Парвана гэгч нь Мамлюкуудтай хуйвалдав. Тэр үед Румийг захирагчид нь Монголын Ил хаадын улсын жанжин захирагчид болох эмир Туху, эмир Уругт болон Тудан нар байв.
Тэд өөр өөрсдийн түмтийг захирч байв. Му-ин Ад Дин Парвана нь Монголын захирагч эмир ноёдод бараалхан тэднийг архиар дайлан согтоов. Монгол цэргийн хүрээнд хавтгайрсан архидалт болов. Удалгүй Бундукдар султаны асар олон тооны мамлюкууд Монголчуудыг довтлон одоогийн Туркийн Эльбистан хотын Жейхан голын дэргэд бут цохин хядсан байна. Монголын захирагч бүх эмирүүд алагдсан байна. Үүнийг сонсож хилэгнэсэн Абага хаан их цэргийн хамт Румийг зорьж Монгол цэргүүдийнхээ алагдсаны өшөөнд 200,000 мусульманчуудыг хядав. Му-ин ад Дин Парванаг ч баривчлан цаазалжээ.
Ю. Пүрэвдорж