Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхэд тийм ч хол үлдсэнгүй. Энэ оны эхний найман сарын байдлаар Монгол Улсад 705 мянга 98 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 106 мянга 896-аар буюу 17.9 хувиар өссөн үзүүлэлт байна. Сүүлийн дөрвөн жилд жуулчдын тоо тасралтгүй нэмэгджээ.
2022 онд 286 мянган жуулчин хүлээн авч байсан бол 2023 онд 594 мянга, 2024 онд 727 мянга, 2025 онд 847 мянгад хүрсэн байна.
Энэ өсөлтийн дийлэнх хэсгийг хөрш болон Зүүн Азийн орнуудын жуулчид бүрдүүлж байна. Оны эхний найман сард ОХУ-аас 239 мянга 134, БНХАУ-аас 171 мянга 497, БНСУ-аас 128 мянга 589 жуулчин иржээ. Япон Улсаас 30 мянга 417, Казахстан Улсаас 16 мянга 870 жуулчин Монголыг зорьсон байна. НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын 2026 оны эхний хагас жилийн тайланд Монгол Улс Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын өсөлтөөр 39 хувийн үзүүлэлттэй дөрөвдүгээрт, аялал жуулчлалын зарцуулалтын өсөлтөөр 29 хувиар хоёрдугаарт, орлогын өсөлтөөр 27 хувиар гуравдугаарт эрэмбэлэгджээ.
Мөн дэлхийн хамгийн өндөр өсөлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлтөөр дөрөвдүгээрт орсон байна.
Харин аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүсэлт хоёр их наяд төгрөгт хүрсэн ч энэ онд олгох зээлийн хэмжээ 250 тэрбум төгрөг байна. Өмнөх хоёр жилд 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгожээ.











































































