ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд “Монголын говь” цөл нутгийг бүртгүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад ажиллаж буй Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны шинжээчидтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр уулзаж, санал солилцлоо.
Шинжээчдийн баг есдүгээр сарын 6-14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт хээрийн үнэлгээ хийжээ.
Үнэлгээний хүрээнд тухайн бүс нутгийн байгалийн онцлог, хамгаалалтын менежмент болон Дэлхийн өвийн шалгуур хангах боломжийг газар дээр нь үзэж танилцсан байна.
Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй дэлхийд хосгүй цөлийн экосистемийг хадгалж үлдсэн онцгой нутаг гэдгийг талууд онцоллоо.
Байгалийн энэхүү өвийг дэлхийн хэмжээнд үнэлүүлж, хамгаалалтыг нь бэхжүүлэхийн төлөө холбогдох байгууллагууд хамтран ажиллах юм.











































































