УИХ-ын дарга С.Бямбацогт “Нээлттэй Парламент”-ын цахим платформын шинэчлэлийн талаар мэдээлэл өгч байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт: Энэ зуны туршид манай Их Хурлын Тамгын газрынхан цахим хуудсаа шинэчлэх, нээлттэй болгох ажлыг хийсэн. Энэ бол дэлхийн парламентуудын хамгийн шилдэг, хамгийн сайн нээлттэй цахим хуудасны нэг болсон гэж би ам бардам хэлж чадна.
УИХ-ын дарга болсон цагаасаа хойш УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын гишүүдийн сахилга, ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх, ард түмний төрд, төрийн эрх барих дээд байгууллагад итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж эхэлсэн.
Үүний эхлэл нь Нээлттэй парламентын танхим байгуулсан явдал. Ингээд та бүхэндээ Их Хурлынхаа шинэ цахим хуудсыг танилцуулъя.
УИХ-ын хуучин цахим хуудас зөвхөн мэдээ тавьдаг байсан. Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой, УИХ-ын гишүүдийн хийж байгаа ажилтай холбоотой мэдээнүүд тавигддаг, иргэд маань мэдээлэл авдаг байсан.
Одоо тэгвэл маш олон цэстэй болсон. Энэ парламентын хуудас маань нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой болсон. Иргэдийн оролцоотой болсноороо эргээд иргэд маань хяналт тавьж, санал бодлоо илэрхийлэх боломжтой болсон.
Үүгээрээ үндсэндээ цахим хуудас маань иргэнтэй амьд харилцаатай, иргэдийн оролцоотой, иргэдийн хяналтад, хуулиар ил байж болох бүхий л мэдээллүүдийг ил болгосон нь онцлогтой.
Яг энэнтэй адилхан төрийн бүх байгууллагуудаас мэдээллүүдээ ил тод болгоод сууж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-д байгаа бүхий л мэдээллүүд, УИХ-ын гишүүнд байгаа хуулиар нээлттэй байх бүхий л мэдээллүүд бүгд энэ дотор тавигдсан. Та бүхэн болон иргэд олон нийт танилцах боломжтой болсон.
Мөн энд гол асуудал бол Их Хурлын гишүүдийн мэдээлэл. УИХ-ын 126 гишүүний бүх мэдээлэл энд нээлттэй байгаа.
Тухайлбал, Алдаржавхлан гишүүн дээр ороод үзэхэд ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй, хаана, яаж ажиллаж байсан, УИХ-ын аль Байнгын хороонд харьяалагдаж байгаа, энэ бүх мэдээлэл байна.
Товч намтар, тайлан, гишүүний ирц, санал хураалт, асуулт, асуулга, санаачилсан хуулийн төслүүд, ямар үг хэлсэн, ХОМ, сонгогдсон тойрог гээд бүх мэдээлэл дотор нь байгаа.
Сонгогдсон тойрог руу нь ороод үзэх юм бол Алдаржавхлан гишүүн МАН-аас сонгогдсон юм байна, 12 дугаар тойрог буюу Хан-Уул дүүрэгт сонгогдсон байна, гурван мандаттай тойргоос сонгогдсон байна гэх мэтээр бүх мэдээлэл харагдана.
Гишүүний ирцийг үзэх юм бол чуулганы хуралдаандаа цагтаа ирсэн 67, хоцорсон 51, чөлөөтэй дөрөв, тасалсан найм, нийт 145 хуралдаанд ийм байдлаар оролцсон байна гэсэн мэдээлэл харагдана.
Хэзээ хоцорсныг харах юм бол ийм, ийм өдрүүдэд хоцорсон нь харагдана. Тасалсныг харах юм бол мөн адил харагдана.
Мөн санал хураалтад хэрхэн яаж оролцсон, зөвшөөрсөн саналыг ингэж өгсөн, татгалзсан саналыг ингэж өгсөн байна гэдгийг харж болно. Ямар санал дээр яаж татгалзсан бэ гэдгээ цааш нь задлаад, дэлгэрүүлээд харах боломжтой болсон.
Энд бас нэг гол асуудал бол Их Хурлын гишүүдийн ХОМ-ийг ил болгосон. Алдаржавхлан гишүүний хөрөнгийг цааш нь дэлгэрүүлж харах юм бол 2021 онд ямар хөрөнгөтэй байсан, 2022 онд яаж өөрчлөгдсөн, 2025 онд ямар хөрөнгөтэй болсон, бүх мэдээлэл нь нээлттэй.
Орлого нь ийм байсан, машин гэх юм бол ийм машинтай байсан, сүүлд машингүй болсон байна гэх мэтчилэнгээр мэдээллүүдийг нээлттэй болгох боломжтой болсон.
Дараагийн асуудал бол манай сэтгүүлч нарт бас илүү чухал асуудал байж байгаа байх. Хуралдааны товууд. Энд үндсэндээ Байнгын хороо, чуулган, дэд хороо, ажлын хэсэг, намын бүлэг гээд бүх хуралдаан хэзээ, яаж хуралдсан мэдээллүүд байгаа.
Мөн хуралдахаар товлогдсон бүх хурлуудын мэдээллийг та бүхэн хараад, хэзээ ямар хурал болох вэ гэдгийг эндээс мэдээлэл авах боломжтой.
Дараагийнх нь гишүүдийн хуралдааны ирц. УИХ 145 удаа хуралдсан байна. Дундаж ирц 79 хувьтай. Хамгийн сайн ирцтэй нам гэх юм бол ХҮН нам хамгийн сайн ирцтэй байна.
Ирцээр нь нам, эвслийн нийт ирцийг харах боломжтой. Үүнийг гишүүдээр задлах юм бол ингэж харагдана.
Хамгийн ирц сайтай гишүүн бол Ариунзаяа гишүүн байна, дараа нь Батжаргал гишүүн байна. Хамгийн ирц муутай гишүүн гэж харах юм бол мөн ингээд харах боломжтой.
Хамгийн их гадаад томилолттой гишүүд гэх юм бол хэн, хэн гадаад томилолтоор явсан бэ гэдэг нь ийм байдлаар харагдана. Иймэрхүү байдлаар та бүхэн хүссэн хэлбэрээрээ гишүүдийн ирцийг авах боломжтой болсон.
Дараагийн асуудал бол санал хураалт. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлж, нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэе гэж тангараг өргөдөг.
Энэ тангаргаа хэрхэн яаж биелүүлэх вэ гэвэл чуулганы хуралдаандаа оролцох үүрэгтэй. Зарим гишүүд маань эрхтэй гэж яриад байгаа юм. Оролцохгүй байж болно, тааллаараа оролцоно гэсэн үг. Тааллаараа оролцох биш.
“Нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэе” гэдэг нь нийт иргэн, улсын эрх ашгийн төлөө ажиллана аа гэж тангараг өргөж байгаа.
Тийм болохоор үүрэгтэй. Ирцээрээ хуралдаанд оролцох, санал хураалтаараа төлөөлөх ёстой. Төлөөллийн дээд байгууллага, нийт ард түмний элч гэж тангараг өргөдөг.
Тэгвэл элчийнхээ үүргийг бид санал хураалтаараа илэрхийлж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, дээрээс нь санал хураалтад оролцож илэрхийлж байх ёстой.
Гэтэл манай гишүүдийн хувьд ирцдээ орчихоод санал хураалтад оролцохгүй байх асуудлууд гардаг. Үүнийг та бүхэн эндээс харж байгаа.
Ариунзаяа гишүүн хамгийн сайн санал хураалтад оролцсон байна. Зөвшөөрсөн саналаа 85 удаа өгсөн, 85 хувь нь зөвшөөрсөн, 14 хувь нь татгалзсан гэж өгсөн байна.
Хамгийн их татгалзсан, ирцдээ орчихоод санал хураалтад ордоггүй манайхан бий. Та бүхэн бид нар мэднэ шүү дээ. Ирцдээ орчхоод л санал хураалтад орохгүй, ажлаа хийхгүй гараад явчихдаг. Иймэрхүү байдлууд нь эндээс харагдаж байгаа.
Ийм байдлаар үндсэндээ Их Хурлын гишүүд ард түмний элчийнхээ үүргийг хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг иргэд хүссэн байдлаараа харчих боломжтой.
Санал хураалтад оролцоогүй гэх юм бол мөн ийм байдлаар харагдана. Оролцоогүй гишүүд, оролцсон нь энэ.
Мөн хуулийн хувийн хэргүүд байна. Ямар ямар хуулийг хэзээ, хэн өргөн барив, анхны хэлэлцүүлэг хэрхэн явагдав, ямар ажлын хэсэг байгуулагдав, анхны хэлэлцүүлгээр юу яригдав, санал хураалтаар яаж батлагдав гэдэг бүх асуудал бүх хуулийн хувьд орсон байгаа.
Эндээс хуулийн хувийн хэрэгтэй танилцаад гишүүд маань үнэхээр ярихдаа “бид нар ард түмнийхээ төлөө, улс орныхоо эрх ашгийн төлөө байгаа” гэж ярьдаг. Байнгын хороон дээр үгээ хэлэхдээ, саналаа гаргахдаа, санал хураалгахдаа яг үнэхээр ярьж байгаа, хэлж байгаатайгаа адилхан байж чадсан уу, хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үг хоёр нь адилхан байна уу, үгүй юу гэдгийг энэ хуулийн хувийн хэргээс харах боломжтой болсон.
Хуралдааны тэмдэглэл дээр бүх хуралдааны дэлгэрэнгүй болон тойм тэмдэглэлүүдийг бүгдийг нь оруулсан. Хэлсэн үгнүүдийг бүгдийг нь оруулсан. Энэ дэлгэрэнгүй тэмдэглэл дээрээс ямар хуралдаан дээр хэн ямар үг ярив, ямар асуулт асуув, бүхий л процесс, бүх мэдээлэл нээлттэй.
Асуулт, асуулга бол УИХ-ын бас нэг том үүрэг. УИХ хууль тогтоодог, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, ард түмнийг төлөөлдөг гэсэн үндсэн гурван бүрэн эрхтэй.
Түүний нэг нь хяналт шалгалт. Хяналт шалгалтын дээд хэлбэр нь асуулга, асуулт, сонсгол байдаг.
Одоогийн байдлаар нийтдээ энэ Их Хурлын хугацаанд 254 асуулт тавигдсан, 79 асуулга тавигдсан байна. Хариулсан нь 141, хариулаагүй нь 113. УИХ-ын асуулгын цаг 109 цаг хуралдсан байна.
Асуулга тавьсан гишүүдийн мэдээллийг эндээс асуулга тавьсан байдлаар нь харах бүрэн боломжтой.
Жишээ нь Ерөнхий сайд ямар асуулга тавьсан бэ гэхээр төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийн талаар ийм асуулга тавьсан байна. Энд хариулт өгсөн, одоогоор хариулаагүй байна. Хариулт өгөх хугацаа болоогүй байгаа учраас хариулт өгөгдөөгүй байгаа байх. Ийм байдлаар бүгдийг харах боломжтой.
Хууль тогтоомжийн үнэлгээ гэсэн цэс рүү ороод үзэх юм бол Монгол Улс 938, 940 хуультай гэж ярьдаг. Тэнд томилгоотой холбоотой хууль, хүчингүй болсон хууль ордог. Үүнээс хасаад өнөөдөр нийгмийн харилцааг зохицуулж байгаа, байнгын давтагдах харилцааг зохицуулдаг 346 хууль байна.
Үүнээс үнэлгээ хийх хугацаа болоогүй нийт 49 хууль байна. Үнэлгээ хийх шаардлагатай 297 хууль байна. Үнэлгээ хийгдсэн нь 164, үнэлгээ хийгдээгүй нь 108, үнэлгээ хийгдэж байгаа нь 25 байна.
Үнэлгээ хийж байна гэдэг маань үндсэндээ энэ хууль маань батлагдаад амьдралд нийцэж байна уу, нийцэхгүй байна уу, нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлж алхаж чадаж байна уу, чадахгүй байна уу, хоцрогдож уу гэдэг асуудлыг харж байгаа.
Үүний дараа шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт хийдэг, шаардлагатай бол хүчингүй болгодог. Тийм учраас үнэлгээгээ хийдэг.
Энэ үнэлгээг хийх үүрэг нь Засгийн газарт байдаг. Хууль зүй, дотоод хэргийн яам үндсэндээ үнэлгээ хийх үүрэгтэй хуулиудынхаа 57 хувьд үнэлгээ хийсэн байна. Сангийн яам хариуцсан 34 хуулийнхаа 20 хувьд нь үнэлгээ хийсэн, бусад нь үнэлгээ хийгээгүй байна.
Хүнс, хөдөө аж ахуйн яам 21 хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэгжүүлж байгаа хуулийнхаа 30 хувьд нь үнэлгээ хийсэн байна гэх мэтээр харагдаж байгаа.
Тийм болохоор цаашдаа энэ хуулийн хэрэгжилт, үр дагаврын үнэлгээг хууль санаачилж байгаа субъектүүд энэ тайланд тусгагдсан үнэлгээг хэр зэрэг ашигласан бэ, хэр зэрэг энэ асуудлыг шийдэхийг оролдсон бэ гэдгээр нь хуулийн төслийн бүрдлийг хангуулахдаа бас шаардлага тавьдаг болох гэж байгаа.
Ингэж байж үндсэндээ хууль маань амьдралд хэрэгждэг байх ёстой.










































































