Ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд цочир ялагдал хүлээсэн Бразилын сенатор Флавио Болсонару эх орноо орхиж, АНУ руу дүрвэсэн тухай гурван эх сурвалж Мягмар гарагт мэдээлжээ.
АНУ-ын төрийн департамент түүнд болон түүний гэр бүлийнхэнд виз олгохоор болсон байна.
Зүүний үзэлтэн, одоогийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силвад ялагдсанаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа Болсонару тус улсын Дээд Шүүхээс гаргасан гадаад паспортоо хураалгах тухай шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, Бразилыг орхин явжээ.
Энэхүү шүүхийн шийдвэр нь мөнгө угаах гэмт хэргийн мөрдөн байцаалттай холбоотой бөгөөд тэрбээр өөрийгөө ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүйг мэдэгдсээр ирсэн юм.
Флавио, түүний эхнэр болон хоёр охин яг хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байна. Гэр бүлийнхэнтэй нь ойр эх сурвалж түүнийг Флорида мужид газардсаныг баталсан ч яг хаана байгааг хэлэхээс татгалзжээ.
Төрийн департаментын өндөр албан тушаалтан “Төрийн департамент Флавио Болсонару болон түүний гэр бүлд виз олгож, АНУ-д нэвтрэхийг зөвшөөрсөн” гэж мэдэгдсэн байна.
Болсонаругийн энэ дүрвэлт Америк тивийн хамгийн их хүн амтай хоёр улсын хоорондох хагарал, зөрчилдөөнийг улам гүнзгийрүүлж болзошгүй юм.
Лула өмнө нь Вашингтоны эрх баригчдыг Болсонаругийн гэр бүлтэй хуйвалдаж, тэднийг дахин эрх мэдэлд хүргэхийг оролдож байгаад буруутгасан бөгөөд Ням гарагийн сонгуулийн өмнө хэвлэлд ярихдаа АНУ-ын төрийн департамент тэднийг албан тушаалд нь буцаан томилуулахын төлөө ажиллаж байгааг баталж байв.
Трамп өмнө нь Флавиогийн эцэг, Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаруг шударга бус шүүхийн хавчлага, мөрдлөгийн золиос болсон гэж мэдэгдэж байсан удаатай.
Жаир Болсонару мөн 2022 онд Лулад ялагдсанаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, АНУ руу явж байв. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчөөр Жо Байден ажиллаж байсан юм. Тэрбээр хожим буцаж ирсэн боловч дэмжигчид нь нийслэл Бразилиа хот дахь төрийн байгууллагууд руу дайрч, үймээн самуун дэгдээсний дараа төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэргээр 27 жилийн хорих ял сонсож байлаа.
Даваа гарагт Трамп хэвлэлд өгсөн тайлбартаа Флавио Болсонару эх орноосоо дүрвэсэн тухай дурдаагүй ч Бразилд болсон сонгуулийг “бас нэг луйврын сонгууль шиг харагдаж байна” гэж хэлжээ.
Лула өчигдөр Бразилиа хотод үг хэлэхдээ Флавиог эх орноо орхин явсныг дөнгөж сая мэдсэнээ дурдаад түүнийг Бразилд үлдэж, гэм буруугүйгээ нотлохыг уриалж байв.
Флавио энэ сарын эхээр болсон сонгуулийн эхний шатны санал хураалтад тэргүүлсэн боловч Ням гарагт болсон хоёр дахь шатны санал хураалтад ялагдсан нь гэнэтийн цочир үйл явдал болсон юм.
Даваа гарагт шүүх түүнд гадаад паспортуудаа хураалгах 24 цагийн хугацаа өгсөн боловч биелүүлээгүй тул уг хугацаа дууссаны дараа паспортуудыг нь хүчингүй болгосныг хоёр эх сурвалж мэдээлжээ.
Хоёрдугаар сард Сенатын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дуусахад хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх халдашгүй эрхээ алдах гэж буй Болсонару зугтах төлөвлөгөөгүйгээ Даваа гарагт мэдэгдэж байв.
“Би эх орноо орхин явах тухай хэзээ ч бодож байгаагүй. Би гадаад паспортуудаа хүлээлгэн өгөх болно. Мөн намайг айлган сүрдүүлэх зорилготой, жүжиг төдий энэ үйл явцын эсрэг өөрийгөө өмгөөлөх болно” гэж тэр хэлж байжээ.
Түүний дүрвэлт сонгуулийн кампанит ажлыг нь удирдсан менежэрийг ч эвгүй байдалд оруулсан бололтой.
Сенатор Рожерио Мариньо сэтгүүлчдэд хэлэхдээ “Бид энэ мэдээнд цочирдлоо. Учир нь дөнгөж өчигдөр л бид Флавиогийн авсан 60 сая саналыг харгалзан үзээд түүнийг сөрөг хүчний удирдагч болгох хэрэгтэй талаар ярилцсан байсан юм” гэжээ.
Болсонару сонгуулийн үр дүнг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд санал хураалтын явцад зөрчил гарсан гэх үндэслэлээр үр дүнг хүчингүй болгуулахыг шаардахаа мэдэгдэж байсан ч түүний харьяалагддаг Либерал нам Даваа гарагт Лулагийн ялалтыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм.
Дээд шүүхээс гадаад паспортоо хүлээлгэн өгөх 24 цагийн хугацаа тогтоосон байхад Болсонару хэрхэн эх орноо орхин явж чадсан нь тодорхойгүй хэвээр байна.
Бразилын Холбооны Цагдаагийн Газрын өндөр албан тушаалтны мэдээлснээр Болсонару улсын хилээр нэвтрэх албан ёсны цэгүүдээр дамжин гараагүй гэнэ.
АНУ-д амьдардаг Болсонаругийн дүү Эдуардо Болсонару сонгуулийн өмнө хэрэв ах нь ялагдвал “өөр газарт нүүх хэрэгтэй болно” гэж хэлж байжээ.
Тэрбээр энэ сард подкаст хөтлөгч Стивен Краудерт өгсөн ярилцлагадаа “Хэрэв миний ах ялахгүй бол түүнийг эх орноо орхин явахыг би дэмжинэ” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters








































































