Сонгуулийн Ерөнхий хорооноос дөнгөж сая Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдод нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулж өглөө.
Тав дахь Ерөнхийлөгчөө сонгох энэхүү хариуцлагатай үйл ажиллагаанд өөрийн намын нэр дэвшигчээ дэмжихээр МАН-ын ууган лидерүүд болох Н.Багабанди, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар хүрэлцэн ирсэн байв.
Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуульд нь амжилт хүсээд \”Миеэгомбын Энхболдыгоо Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болоорой гэж ерөөе. Ард түмнийхээ итгэлийг дааж, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн Ерөнхийлөгч болоорой. Улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, монгол түмнээ хангалуун, аз жаргалтай амьдруулахыг хүсэн ерөөе” гэж захисан юм.Түүнчлэн нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах арга хэмжээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, урлаг, спортын алдартнууднаас гадна 10 мянга орчим гишүүн дэмжигчид хүрэлцэн ирж, амжилт хүслээ.