Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас 221 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр албанаасаа чөлөөлөгдлөө.
“Бодь интернэшнл” компанийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг тендергүйгээр гүйцэтгэхийн тулд улсын нууцад оруулж, У.Хүрэлсүх тэргүүтэй нэр бүхий албан тушаалтнуудад 110 сая ам.долларыг авлигад нь өгсөн гэж Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар мэдээлэл хийсэн. Үүнээс үүдэж, ажлаа өгөөд байгаа.
Авлигын дуулиантай холбоотойгоор Ардчилсан нам “Төрийн тэргүүнээсээ эхлээд авлигад холбогдсон албан тушаалтнууд огцорч шалгуул. 2019 оноос хойших оффтейк гэрээг Засгийн газар ил болго. Шаардлагыг биелүүлэхгүй бол Ерөнхийлөгчид импичмент зарлаж, Засгийн газрыг огцруулан, Ардчилсан нам ард түмэнтэйгээ хамтран гудамжинд гарч тэмцэл эхлүүлэх болно” гэж мэдэгдсэн байв.
Сөрөг хүчний удаах шаардлага нь Засгийн газар 2019 оноос хойших бүх оффтейк гэрээг ил болгохыг шаардаж эхэлсэн.
“Бодь интернэшнл” компанийн хэрэгжүүлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг нууцад авах зөвлөмжийг тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар гаргасан байдаг.
Улмаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төлбөрийг нүүрсээр тооцох нөхцөлтэй гэрээний дагуу гүйцэтгэсэн юм.
“Бодь интернэшнл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих гэрээг 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан бол нэмж 80 км төмөр зам барих гэрээг 2020 онд хийсэн. Төслийг нууцад авах шийдвэрийг тухайн үеийн ҮАБЗ, Засгийн газар шийдсэн. Нууцад авах том шалтгаан нь шууд гэрээ байгуулах л байсан юм билээ” гэж нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой дуулиан дэгдэхэд тайлбар хийж байв.
Харин нүүрсний сонсголын үеэр Шадар сайд Т.Доржханд “Хэн танд төмөр зам барих санал тавьсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч юм уу, Засгийн газар юм уу” гэж асуухад “Бодь интернэшнл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Гашуунсухайт эхэлдэггүй, энэ саналыг Засгийн газар тавьсан. 2013 оны батлагдсан төсвөөр ажлыг дуусга гэдэг үүргийг Засгийн газрын тэргүүн өгсөн. 2019 онд Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь Л.Оюун-Эрдэнэ байсан. Энэ төслийг зайлшгүй 30 сарын дотор дуусгах цэргийн даалгавар шиг л юм ярьж байсан. Тийм учраас бид хугацаанд нь барьж дуусгасан” гэсэн нь бий.
“Бодь интернэшнл” компани нь Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл 233.6 км төмөр замыг барьсан юм. Төслийн нийт өртөг 1,005.6 сая ам.доллар болсон. Үүнд зургаан багц ажил багтсан. Үүнээс төмөр зам нь 474.2 сая ам.доллар буюу нэг километр нь 1.46 сая ам.долларын өртөгтэй. Энэ бол нэгдүгээр зэрэглэлийн төмөр зам гэж гүйцэтгэгч компанийн зүгээс мэдэгдэж байв. Харин нүүрсний сонсголын үеэр асуудлыг хөндөх үед шинжээч болон олон нийтийн зүгээс “хэт өндөр өртөг” гэж үзсэн юм.
Гэвч “Бодь интернэшнл” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Баясгалан “Бид анхнаасаа нүүрсний бизнес хийдэггүй. Одоо Засгаас мөнгөө авчихмаар байна. Бидний мөнгийг өгчихвөл зүгээр байна. Нүүрс мүүрстэй чинь зууралдах ямар ч сонирхол алга. Төсөлд заасан мөнгөө өгчих” гэх асуудлыг тавьсан нь бий.
Түүнээс хойш “Бодь”-ийн оффтейк гэрээг ил болгох ёстой гэх асуудал хөндөгдсөөр дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзээд байна.
Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн жил “Бодь”-той байгуулсан оффтейк гэрээгээр УИХ дээр Түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаа мэдэгдсэн ч УИХ-ын гишүүд дэмжихгүй байснаас энэхүү сонсгол саатсан. Саяхнаас 110 сая ам.долларын авлигын асуудал дахин хөндөгдөж, улс төрд бужигнаан үүссэнээр 32 гишүүний гарын үсэг цуглараад байна.
Анх 2022 онд Бодийн оффтейк гэрээтэй холбоотой хардлагыг нэгмөр болгох зорилгоор УИХ дээр Б.Энхбаяраар ахлуулсан Түр хороо байгуулан, нүүрсний сонсгол зохион байгуулсан. Гэвч нүүрсний сонсголын зорилго нь өөрчлөгдөж Бортээг болон хувирснаар УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нүүрсний хамгийн том хулгайчаар тодорсон юм. Хожим нь энэ асуудлаар Д.Амарбаясгалан гишүүн дахин ороогдож, УИХ-ын даргаасаа буусан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодиос авлига авсан, мөн сонгуульдаа хэрэглээрэй гэж бэлнээр их хэмжээний доллар авсан гэх Х.Нямбаатарын мэдээлэлтэй холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаасаа чөлөөлөгдөөд байна. Мөн авлига авсан гэх асуудалд нэр холбогдсоноос Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ч чөлөөлөгдсөн. Тэд “Х.Нямбаатар гүтгэж байна” гэж мэдэгдсэн ч сөрөг хүчний зүгээс хуулийн байгууллагаар шалгуулж, хариуцлагаа хүлээх ёстой гэсэн байр суурь илэрхийлсээр буй.
Шадар сайд Н.Номтойбаяр “Бодийн оффтейк гэрээтэй холбоотой зөвлөмж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гарахад тухай үед Х.Баттулга Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Одоо УИХ-ын гишүүний ажлаа өгөөд шалгуулах ёстой. Дээр нь Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар ч шалгуулах ёстой” гэх байр суурь илэрхийлээд байна.
Харин Ерөнхий сайд Н.Учрал “Бодь” группийн оффтейк гэрээтэй нэр нь холбогдсон тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/-д ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтнууд бүгд шалгуулах ёстой” гэж мэдэгдсэн юм.
Гол нь хуулийн байгууллага үнэн зөвөөр шалгаж тогтоож чадах уу гэдэгт эргэлзэх хүн олон байгаа. Шадар сайд Н.Номтойбаяр “Авлигатай тэмцэх газрын даргаар З.Дашдаваа ажиллаж байгаа цагт энэ хэрэг нохойн замаар орно. Үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Маш олон материал Авлигатай тэмцэх газарт очиж байхад юу ч хийгээгүй. Энгийн иргэн материалыг нь олоод гэмт хэргийн бүрэлдэхүүн байна гээд тараагаад явж байхад шалгах ёстой” гэх асуудал хөндсөн.
Нохой засуулсан хүндээ янаг гэгчээр хуулийн байгууллагынхан томилсон томчуудынхаа талд ороод хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй байх эрсдэл бас өндөр болохыг ч сануулж байгаа юм.
Дээр нь гэрчүүдийн аюулгүй байдлыг хангах ёстойг ч хууль тогтоогчид хэлж байгаа. Тухайлбал, 110 сая ам.долларын авлигын хэргийг “сэвсэн” “Бодь интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал асан А.Амундра, Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар, нүүрсний хэргээр ял эдэлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан , нүүрсний хэргийн дуулиан мандах сургаар хил даван зугатсан “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргал нарыг төрийн хамгаалалтад авахгүйгээр энэхүү дуулиант хэргийн үнэн мөнийг олж, мухарлаж чадахгүй гэж үзэх хэсэг ч бий.
Хэрэв хуулийнхан “Бодь”-той холбогдох оффтейк гэрээнээс үүдэлтэй дуулиант хэргийг мухарлаж чадахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намуудын биенээ намнах хэрэгсэл болон ашиглагдахыг ч үгүйсгэх аргагүй.





































































