АНУ-ын холбооны шүүх ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны гадаадын оюутан, сэтгүүлчдийн тус улсад оршин суух хугацааг хязгаарлахаар гаргасан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгожээ.
Шүүгч Деннис Сэйлор уг шийдвэрийг гаргахдаа засаг захиргаа эрх мэдлээ хэтрүүлж, хангалттай үндэслэлгүйгээр шинэ журам боловсруулсан гэж дүгнэсэн байна. Түүний үзэж буйгаар энэ журам гадаадын оюутнуудын суралцах боломжийг ихээхэн хязгаарлах байжээ. Трампын засаг захиргаа шинэ журмыг есдүгээр сараас хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч шүүх эхлээд хэрэгжилтийг нь зогсоож, улмаар бүрэн хүчингүй болгосон байна. Харин засаг захиргаа уг шийдвэрийг эсэргүүцэн давж заалдажээ.
Энэхүү маргаан их сургууль, багш, сэтгүүлчдийг төлөөлдөг байгууллагууд АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны эсрэг шүүхэд хандсанаар эхэлсэн юм.
Трампын засаг захиргааны боловсруулсан шинэ журмаар гадаадын оюутнууд АНУ-д дөрөв хүртэлх жил байх эрхтэй болох байв. Хэрэв үүнээс удаан суралцах шаардлагатай бол оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлт гаргах ёстой байжээ. Харин өмнөх зохицуулалтаар оюутнууд суралцаж дуустал АНУ-д байх боломжтой байсан юм.
Мөн гадаадын сэтгүүлчид тус улсад 240 хүртэл хоног байх бөгөөд цаашид үлдэхийн тулд хугацаагаа сунгуулах шаардлагатай болох байв. Харин Хятадын сэтгүүлчдийн хувьд энэ хугацааг 90 хоногоор тогтоож, дахин 90 хоногоор сунгах боломжтой байхаар тусгажээ. Өмнө нь гадаадын сэтгүүлчид АНУ-д тав хүртэлх жил ажиллаж, амьдрах эрхтэй байв.
Шинэ журам хэрэгжсэн бол гадаадын оюутнууд докторын хөтөлбөрөө дуусгах, давхар дипломын хөтөлбөрт хамрагдах, суралцаж буй мэргэжлээ өөрчлөхөд хүндрэл үүсэхээр байсныг шүүх онцолсон байна.
Үүний зэрэгцээ АНУ-д суралцаж буй гадаадын оюутнуудын тоо 15 хувиар буурсан гэх мэдээлэл гарчээ. Гадаадын оюутнуудын тоо цаашид буурвал их сургуулиудын орлогоос гадна байр, хоол, тээвэр зэрэг оюутнуудын өдөр тутмын хэрэглээнээс хамааралтай бизнесүүдэд сөргөөр нөлөөлж, улсын эдийн засагт ихээхэн хохирол учруулж болзошгүй байна.





































































