Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд \”Эвийн хадагтай эмэгтэйчүүд” сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. \”Эвийн хадагтай эмэгтэйчүүд” уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллийг ил тодоор зарлаж залуусыг хүчирхийлэлд уриалан дуудсан шинжтэй мэдээ мэдээлэл ихээр гарах болсон. Энэхүү үзэгдэл нь Монголын түүхэнд нэгэн хар толбо болон үлдсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг давтах нэгэн хөшүүрэг болохвий гэдэгт санаа зовинож буй эхчүүд ийнхүү өөрсдийн санаа бодол уриалгаа хүргэж буй нь энэ ажээ.
Хурлын үеэр МУГЖ Н.Батцэцэг \”Айл гэрийн эмэгтэйчүүд эх хүн гэдэг бол тэр айлын түвшин сайхан байхын нэг үндэс байдаг. Сонгуулийн энэ үед хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр тарж буй янз бүрийн сэтгэл цочроосон зүйлүүдийг ихээр харснаас үүдэн буруу үр нөлөө гарахвий гэсэн айдас бидний дунд байна. Үүний эсрэг нэгдсэн 200 гаруй ээжийн хөдөлгөөн байгуулаад байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг бид мартаагүй байгаа. Тиймээс өдөөн турхирсан олныг цочроосон мэдээ мэдээллийг битгий гаргаасай. Тайван амгалан сонгууль болж улс орон минь шинэ ерөнхийлөгчөө тайван угтаж аваасай гэсэн үүднээс ийнхүү эвлэлдэн нэгдээд байна” гэсэн юм.
Мөн хадагтай ээжүүдийн төлөөллүүд \”2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр гудамж талбай дүүрэн буутай цэрэг, байлдааны машин, техник жагсаж ард иргэд бие биенийхээ өөдөөс турхиран боссон гашуун түүх бидэнд бий. Таван сайхан ээж төрүүлсэн үрээсээ хагацаж, энгийн ард цус нулимсандаа живж зовж шаналж хэдэн арван хүүхэд өнчрөн үлдэж амьдын хагацал амссан аймшигт үйл явдал, хар бараан өдрүүдийг бид мартаагүй. Тиймээс олон нийтэд хандан аливаа хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг аль болох цааш түгээн дэлгэрүүлж дэвэргэхгүй байхыг уриалж байна” гэлээ.
Тайван амгалан сонгуулиа өгөхийг хүсэж буй хэн бүхэн \”Эвийн хадагтай ээжүүд” хөдөлгөөнд нэгдэх боломжтой бөгөөд цаг минут тутамд Монгол орны өнцөг булан бүрээс эв эеийг хичээгч ээжүүд нэгдэж байгаа юм байна.
Ж.Золоо