Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд сонгуулийн кампанит ажлаа наранд ойрхон нутаг Дорнод аймгаас эхлүүллээ. Нэр дэвшигч Миеэгомбын Энхболд эхлээд домог түүхийн өлгий нутгийн гал голомт болсон Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-ийн хамт олонтой уулзсан юм. Зүүн бүсэд илч гэрэл түгээх их үйлсийн эзэд болсон тус хамт олон Монгол Ардын Намаас нэр дэвшигчийг халуун дотноор угтан авлаа. Тэрбээр \”Хамгийн анхны уулзалтаа ийм бүтээлч, ажилсаг хүмүүстэй хийж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Мөн Монгол Ардын Намын Засгийн газар богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, эдийн засагт эерэг өөрчлөлтүүд гарч байгааг онцлоод зүүн бүсийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах чиг үүрэгтэй тус станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх засгийн шийдвэр гарсан таатай мэдээг дуулгалаа.
Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд монголчууд эвтэй эетэй явсан үедээ ямар ч хүндрэл бэрхшээлийг даван туулдаг гэдгийг онцлоод 20 хоногийн дараа болох сонгуульд \”Эвтэй монгол-Ээлтэй төр”-ийг дэмжиж саналаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна гэлээ. Уулзалтын дараа Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээ ТӨХК-ийн хамт олон нэр дэвшигчийн сонгуулийн ажилд өндөр амжилт хүсч, хамтдаа дурсгалын зураг татууллаа. Үүний дараа Дорнод аймгийн Хөгжимт драмын театрт иргэд сонгогчидтой нэгдсэн уулзалт хийсэн юм.
Уулзалтын эхэнд \”Наранд ойрхон нутгаас сонгуулийн ажлаа эхэлж байгаадаа ихэд бэлгэшээж байна” гээд маршал Х.Чойбалсангийн унасан газар, тусгаар улсаа бататган хамгаалсан түүхт нутгийг зорьж сонгож ирсэн нь тохиолдлын хэрэг бишээ гэдгийг онцолсон байна.
Тал шигээ уужим сэтгэлтэй дорнодчууд эв нэгдлийг төлөвшүүлж, ээлтэй төрийг цогцлоох Төрийн тэргүүнийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байлаа. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Миеэгомбын Энхболд Төрийн тэргүүн байж чадна гэдэгт бүрэн дүүрэн итгэж байгаагаа мөн дуулгасан юм. Нам дотроо зөрчилтэй хүмүүс улс орныг удирдаж авч явж чаддаггүй гэдгийг ч өнгөрсөн дөрвөн жилд хангалттай амссан болохоор энэ удаад төр нэг толгой, нэгдсэн бодлоготой байх тийм сонголт хийнэ гэв.