Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж буй энэ үед Г.Доржзодов гэх залуу олны анхааралд гэнэт орж ирлээ. Түүнийг Монголын Жулиан Ассанж, эсвэл Э.Сноуден гэж өргөмжилж, тахин шүтэх нь холгүй хөдөлгөөн өрнөж байна. Гэвч энэ бүхний ард нэг л хуурмаг, олон нийтийг илтэд турхирсан, тодорхой зорилго агуулсан үйл явдлууд өрнөж байгаа нь хачирхал төрүүлж эхлэв.
1. Болд хэрхэн Доржзодов болов?
Төрийн албан тушаалуудыг мөнгөөр үнэлж 60 тэрбум төгрөг олох тухай бичлэгийг задалсан гэх Г.Доржзодов өмнө нь Болд нэртэй байсан аж. Үүнийг батлах хүн олон байна. Гэтэл Болд ямар учраас нэрээ Доржзодов болгон өөрчилсөн нь хачирхалтай нууц юм.
2. Ц.Оюунгэрэлийн гэрт нуугдаж байсан нь ямар учиртай вэ?
Г.Доржзодовт холбогдох хэрэгт ЦЕГ болон ТЕГ-аас шалгалт явуулж, гэрчийн болон сэжигтний мэдүүлэг авч байгаа талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олонтаа гарч байсан билээ. Түүний чагнах төхөөрөмж ашиглаж, бусдыг тагнан туршсан гэдэг зүйлчлэлээр сэжиглэн байцаасан гэх мэдээлэл ч ил болсон. Харин энэ бүхэнтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс Г.Доржзодовын ам нас, аюулгүй байдлыг эрсдэлд орж болзошгүй гэх байр суурь гарах болсон нь нууц биш. Гэтэл ЦЕГ-аас хүсэлтийн дагуу түүнийг хамгаалалтад авах үеэр Г.Доржзодов өөрийн гэртээ биш, харин УИХ-ын гишүүн асан Г.Оюунгэрэлийн гэрт нуугдаж байсан нь анхаарал татаж байна. Ц.Оюунгэрэл АН-ын гишүүн бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвшиж буй Х.Баттулгын хамгийн ойрын улс төрийн хамтрагч юм.
3. Юуны учир Л.Мөнхбаясгалан хамгаалалтад авсан үйл явдлыг баривчилгаа гэж дэвэргэв?
Г.Доржзодовыг цагдаагийнхан баривчлах гэж байна гэсэн мэдээллийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалан анх санаатайгаар дэвэргэн, ташаа хэлбэрээр мэдээлж эхэлжээ. МАН-ын зүгээс Г.Доржзодовын амь нас, аюулгүй байдлыг нь хангах үүднээс түүнийг төрийн хамгаалалтад авах талаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасан байна. Дээрх хүсэлтийн дагуу цагдаагийнхан Г.Доржзодовыг өчигдөр хамгаалалтад авчээ. Гэтэл энэ тухай мэдээллийг Л.Мөнхбаясгалан илт гуйвуулж, олон нийтийг турхирах байдлаар цацсан байна. Энэ нь ямар нэгэн улс төрийн зорилготой, зохиомжтой болгон харагдуулж байгаа баримт юм.
4. Л.Мөнхбаясгалан сэтгүүлч тэнд санамсаргүй явж таарсан уу?
Цагдаагийн бие бүрэлдэхүүн Г.Доржзодовын байрлаж буй Оргил хорооллыг өчигдөр хамгаалалтад авсан бөгөөд харин Л.Мөнхбаясгалан өнөө өглөө тэрхүү үйл явцыг баривчилгаа гэж мэдээлсэн юм. Өглөө ажлын цаг эхлэхээс өмнө Л.Мөнхбаясгалан сэтгүүлч хаанаас, хэнээс тэрхүү мэдээллийг авч, тэнд очиж, лайв хийсэн нь тодорхойгүй. Өөрөө хэлэхдээ \”Өглөө ажилдаа явж байх замд цагдаа нар ийнхүү бүсэлсэн байдалтай байхтай таарлаа” гэх байдлаар тайлбарласан. Гэтэл ийм байх боломжгүй нь хэнд ч ойлгомжтой билээ. Л.Мөнхбаясгаланд тухайн хамгаалалтад авсан үйл явдлыг баривчилгаа гэж дэвэргэж, олон нийтэд тийм мэт сэтгэгдэл төрүүлэх даалгавар буюу захиалга ирсэн байхыг үгүйсгэхгүй юм.
5. Г.Доржзодовыг хэн санхүүжүүлж, турхирч байна вэ?
Г.Доржзодовыг хэн санхүүжүүлж, турхирч байна вэ гэдгийг олж тогтоохгүйгээр өрнөж буй асуудалд зөв, зүйтэй дүгнэлт гаргахад бэрхтэй юм. Г.Доржзодовын ард зохион байгуулалттай, томоохон баг ажиллаж байна гэж дүгнэх үндэслэл бий. Тэрбээр өөрийн бичлэг болоод мэдээллийг боловсруулж, сошиал орчинд идэвхтэйгээр байршуулж, тэр байтугай өндөр хамгаалалт бүхий вэбсайт хүртэл ажиллуулж байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ нь Г.Доржзодовыг бусдад ашиглагдах боломжтой гэдгийг илтгэж буй юм. Тийм ч учраас түүнийг хамгаалалтад авах шаардлага зайлшгүй байсан хэрэг. Хэрвээ тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Женко Х.Баттулгаас даалгавар авч, зориуд зохион байгуулалттайгаар ажиллаж буй бол энэ нь ноцтой уршиг дагуулах баримт юм. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдгээ өөрийнхөө яриа, үйлдлүүдээр удаа дараа нотолж буй Г.Доржзодов мөнгөний төлөө энэ бүхнийг хийж байгаа биш гэж хэн ч баталж чадахгүй. Тиймээс эргэлзээ төрүүлсэн асуултад хэрхэн хариулахаас хамаарч олон нийт дүгнэлтээ хийх хэрэгтэй болоод байна.
Эх сурвалж: Zindaa.mn