\”Эрдэнэс Тавантолгой\” компанийн хувьцааг төлбөртэйгөөр худалдаж авсан аж ахуйн нэгж, иргэд нэрлэсэн үнээр нь есдүгээр сарын 1-нээс өмнө Засгийн газарт буцаан зарах, төлбөрөө эргүүлэн авах боломжтойг Сангийн яамнаас өчигдөр мэдэгдлээ. \”Эрдэнэс Монгол\” ба түүний охин компаниудын үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд энэ ажлыг хийхээр болжээ.
Тус компанийн хувьцааг худалдан авсан аж ахуйн нэгж, иргэд төлбөрөө эргүүлэн авах хүсэлтээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, эсвэл Төрийн банкны салбаруудад гаргах юм байна. Ингэхдээ хувьцааг буцаан худалдах хүсэлт, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд мөнгө тушаасан баримт, иргэн бол иргэний үнэмлэх, аж ахуйн нэгж бол нотариатаар баталгаажуулсан гэрчилгээний хуулбараа авчрах аж.
Харин аж ахуйн нэгжээ татан буулгасан тохиолдолд компанийн дүрэм, улсын бүртгэлийн газрын тодорхойлолт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, хувьцаа эзэмшигчид төлбөрөө хэрхэн авах талаар харилцан зөвшөөрсөн баримт бичгээ бүрдүүлэх шаардлагатай гэнэ.