МУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль өнөөдөр өглөө 07.00 цагаас эхэллээ. Энэ удаагийн сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж санал авах байруудыг тэргэнцэртэй иргэд нэвтрэх боломжоор ханган, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж тусгайлан тоноглосон санал бэлтгэх бүхээг, харааны бэрхшээлтэй сонгогчдод саналаа өгөхөд зориулан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий саналын хуудасны хавтас бэлтгэж санал авах газруудад байршуулжээ.
Сонгогч та саналаа зөөврийн битүүмжилсэн хайрцгаар эсхүл санал авах байранд өөрийн биеэр өгөх боломжтой.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
Дараах сонгогчид нь зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгнө. Үүнд:
- Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй;
- Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа;
- Захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
- Байцаан шийтгэх албадлагын арга хэмжээний улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон
- Санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамал
Санал авах байр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч тухайн хэсгийн сонгогч мөн эсэхийг шалгаж зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрсийг гаргаж, санал авах чиглэл, хуваарийг гарган сонгогчийн саналыг тухайн санал авах байрын хоёроос доошгүй төлөөлөл гишүүн оршин байгаа газарт нь очиж авна.
Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад ороогүй сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авахыг хориглоно.