ЛОНДОН./BBC/. Наранд борлох нь арьс эрүүл байгаагийн шинж огтхон ч биш бөгөөд эсрэгээр арьс гэмтсэний илрэл юм. Ийм анхааруулгыг Английн Эрүүл мэндийн үндэсний алба ба Их Британийн Цаг уурын албанаас хүүхдүүдээ дагуулан амрахаар явах гэж буй эцэг эхчүүдэд өгчээ.
Тус хоёр байгууллагаас явуулсан судалгааг үзвэл, наранд арьсаа борлуулах хүүхдүүдэд хэрэгтэй гэсэн ташаа бодол Их Британийн эцэг эхчүүдийн 1/3-д нь байдаг аж. Тэгвэл ¼ нь хүүхдүүдээ наранд биеэ шарахыг нь дэмждэг гэнэ.
Наранд биеэ борлуулахын ашиг тус гэж огт байдаггүй бөгөөд энэ нь нарны туяаны хорт нөлөөнөөс хамгаалдаггүй байна. Харин эсрэгээр, наранд борлоно гэдэг нь арьс ихээр гэмтэж, нарны туяаны хорт нөлөөнөөс өөрийгөө хамгаалахаар оролдож буйн шинж тэмдэг аж. Биед хортой хэт ягаан туяанд өртсөн хүний арьсан дахь меланоцит хэмээх эсүүд нь нарны туяаг шингээн авахын тулд меланин гэдэг хар өнгийн пигментийг ялгаруулдаг байна. Ингэснээр хүний арьс борлодог ажээ.
Наранд байнга байх нь нас ахисан үед арьсны хорт хавдраар өвчлөхөд хүргэх магадлалтай юм. Ийм учраас Английн Эрүүл мэндийн үндэсний алба твиттер хуудсандаа CoverUpMate гэдэг кампанит ажлыг өрнүүлж, арьсны хорт хавдрын талаарх мэдээллийг иргэдэд өгч байна.
Ер нь бол, хүүхдүүдийн арьс нь насанд хүрэгчдийнхээс илүү эмзэг байдаг билээ. Тиймээс 6 сар хүрээгүй нярай хүүхдүүдийг наранд ээнэ гэсэн ойлголт огт байж болохгүй юм.
Хэдийгээр нарны туяа нь бие организм дахь Д витамины хэмжээг нэмэгдүүлдэг боловч ийм боломжийг хэтрүүлэн ашиглах хэрэггүй гэж Английн Эрүүл мэндийн үндэсний албаны ажилтан, доктор Найжел Ачесон зөвлөж байна. \”Ер нь бол, ямар нэгэн хамгаалалтгүйгээр долоо хоногт нийтдээ 10-15 минутын хугацаагаар хэд хэдэн удаа наранд зогсоход л хангалттай” гэж тэрбээр хэлсэн юм.
Х.Сарнай