Авлигатай тэмцэх газар 2007
онд нийтийн албан тушаалтын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэж, нягталж,
шалгадаг болсон. Өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагаа тасралтгүй 10 жил үргэлжилсэн
хэдий ч 2017 оны хөрөнгө орлогын мэдүүлэг гэх зүйлээс сураг тасраад байна.
Уг нь АТГ жил бүрийн
хоёрдугаар улиралд багтаан албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон
нийтэд ил болгодог. Ийм ч уламжлалтай байсан. Гэтэл энэ жилийн мэдээ байдаггүй
шүү. Ямар сайндаа л АТГ албан тушаалтнуудын хөрөнгийг нууж байна гэж олон нийт
эрэл сурал болох вэ дээ.
Үндэсний аюулгүй байдлын
зөвлөлөөс эхлээд Улсын дээд шүүхийн шүүгч нар, шүүхүүдийн ерөнхий шүүгчид,
улсын ерөнхий прокурор, УИХ-ын 76 гишүүн, Засгийн газрын гишүүд, аймаг,
нийслэлийн Засаг дарга нар, ИТХ-ын дарга, яам, агентлагийн удирдлагууд, төрийн
албан хаагчид гээд 40 орчим мянган хүн АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Үүнийг
нь тус газраас шалгаж дуусаад ихэнхдээ 4 дүгээр сарын 20-ноос өмнө олон нийтэд
нээлттэйгээр мэдээлдэг байлаа. Гэвч энэ жилийн ХОМ-ээс сураг тасраад байна.
Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой
юу гэж хардмаар. Ер нь төрөөс хэчнээн тэрбумтан төрж байна вэ гэдгийг олон нийт
харах боломжтой ганц л цонх нь ХОМ байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж \”Шилэн данс” гэгч сүртэй зүйлийг хэрэгжүүлсэн ч түүнийгээ өөрөө
хэрэгжүүлэхгүй болохоор бусад нь ч яаж дагах билээ. Тэгэсгээд л намжсан. Одоо \”Шилэн
данс” хөтөлж сүйд болдог төрийн байгууллага гэж алга байна. Цаашлаад хөрөнгө
орлогоо мэдүүлдэг төрийн албан тушаалтан гэж ч байхгүй болж магадгүй шинжтэй.
Гэтэл ХОМ-ийн буянаар л бид
С.Баярцогтыг гадаадад сая доллараа мартсан гэдгийг мэдсэн. Үүний буянаар л
манай сайд, дарга нар биднээс хэр түвшинд тасарч, ямар тансаглал дунд амьдардаг
вэ гэдгийг нь харсан. Гэтэл шинэ бүрдсэн парламент, шинээр томилогдсон яам,
агентлагийн дарга удирдлагууд, төрийн байгууллагын дарга нарыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэр түвшинд
хөлжиж, ард биднээсээ хэрхэн тасарч бэ гэдгийг харж чадахгүй л
байна. АТГ хэзээ ХОМ-ээ олон нийтэд мэдээлэх вэ.