Зургаан аймагт учирсан эрчим хүчний саатлыг богино хугацаанд арилгаж, эрчим хүчээр хангах, цаашид болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг салбарын яам, холбогдох байгууллагын удирдлагуудад Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас үүрэг болгожээ. Өнгөрсөн лхагва гарагт хүчтэй салхи, аянга, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орсны улмаас Эрдэнэт-Булганы цахилгаан дамжуулах агаарын шугамын 14 төмөр бетон тулгуур шон унаж Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 125 сум цахилгаангүй болсон юм.
Эрчим хүчний сайд П.Ганхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг газар дээр нь ажиллан аймгуудыг эхнээс нь эрчим хүчинд холбож байна. Аймгуудыг ирэх ням гараг буюу долдугаар сарын 2 гэхэд эрчим хүчээр бүрэн хангахаар төлөвлөжээ. Бетон тулгуурыг 32 м/с хурдтай салхинд тэсвэртэй байхаар тооцоолон суурилуулж байгаа учир багагүй цаг, хугацаа шаардагдаж байгаа аж. \”Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн 75 инженер, техникийн ажилтан, 29 машин механизм ашиглан зургаан тулгуурыг суулгаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.