Монгол Улсын хэмжээнд химийн бодис хадгалах зориулалттай төрөл бүрийн хуванцар савыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэж байгаа нь хүний эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж байгааг судлан түүний хор холбогдлын талаар олон нийтэд мэдээлэх, анхааруулах, цаашид ахуйн зориулалтаар ашиглахгүй байх арга замыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийв.
Судалгааны гол зорилго нь гэр хорооллын айл өрхүүдээс хүнсний шингэн бүтээгдэхүүн хадгалдаг, тэдгээр нь эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх, энэ талаарх иргэдийн мэдлэг хэр байгааг тодорхойлох зорилготой.
Судалгаанд гэр хороололд амьдарч буй 500 иргэнийг болон Нарантуул, Тоса худалдааны төв, Ус түгээх байр, Хар хорин зах зэрэг газруудыг тус тус хамруулав.
Судалгаагаар дээр дурьдсан зах, худалдааны төвүүдэд худалдаж, ашиглаж буй хүнсний зориулалттай, 5 номерын тэмдэглэгээболон стандартын шаардлага хангасан савыг зах зээл дээр худалдаалаагүй байсан ба ийм тэмдэглэгээтэй сав хилээр орж ирдэггүй байна. Худалдаалагдаж буй савнуудын зориулалт нь тосны, химийн бүтээгдэхүүн хадгалахтэмдэглэгээтэй байсан ба мөн ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээгүй, хаана үйлдвэрлэсэн, зориулалт нь тодорхойгүй сав хүртэл худалдаалж байв.
Тоса худалдааны төвд худалдаалж буй сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнийг хадгалж байгаа савнуудын дийлэнх нь тосны, химийн зориулалттай том цэнхэр савнууд байсан хэдий ч зарим худалдаалагч ОХУ-д үйлдвэрлэсэн хүнсний зориулалттай савыг тодорхой хэмжээгээр хэрэглэж, хэрэглээнд нэвтрүүлсэн нь ажиглагдлаа.
Мөн судалгааны асуумжийн дагуу иргэдээс хариулсан байдлыг авч үзэхэд дараах байдлаар хариулсан байна.
Ундны усны ямар сав хэрэглэдэг тухай асуултад нийт иргэдийн 76,3 хувь нь хуванцар сав, 12,8 хувь нь төмөр сав, 10,7 хувь нь бусад төрлийн сав суулгыг хэрэглэдэг гэж хариулсан байна. Энэ нь нийт хэрэглээний дийлэнхэд нь хуванцар сав суулгыг хэрэглэж байгааг харуулж байна.
Хүнсний зориулалтын бус хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэдэхүү гэсэн асуултад 82,8 хувь нь мэднэ, 12,3 хувь нь мэдэхгүй, 5,8 хувь нь үгүй гэж хариулжээ. Энэ хариултаас харахад зориулалтын бус хуванцар сав хүний эрүүл мэндэд хортой гэдгийг судалгаанд оролцогчдын дийлэнх нь мэддэг ч ашигласан хэвээр л байна.
Таны хэрэглэж байгаа ундны усны сав эрүүл ахуйн шаардлага хангасан гэж бодож байна уу гэсэн асуултад 42,5 хувь нь тийм, 32,4 хувь нь үгүй, 25,0 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Хуванцар саванд тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээг уншиж, таньж чаддаг уу гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 51,8 хувь нь чадахгүй, 29,5 хувь нь мэдэхгүй,
18,6 хувь нь тийм гэж хариулсан байна. Судалгаанд оролцогчдын тал хувь нь таньж чадахгүй байна.
Харин хуванцар саванд тавьсан эдгээр тэмдэг тэмдэглэгээний аль нь хүнсний зориулалтанд ашиглаж болох зөв тэмдэглэгээг дугуйлна уу? Гэсэн асуултад судалгаанд оролцогчдын зөвхөн 15 оролцогч 5 номерын тэмдэглэгээг, нэг номерын тэмдэглэгээг 2 оролцогч, 2 номерын тэмдэглэгээг 2 оролцогч л бөглөж, бусад нь огт тэмдэглээгүй байна. Энэ нь хүнсний зориулалттай тэмдэг тэмдэглэгээг зөв таньж мэддэггүй, буруу ойлголттой байдаг, эсхүл огт мэддэггүй, иргэдийн бараа бүтээгдэхүүнд тавьсан тэмдэг тэмдэглэгээ, заавар, шошгыг зэргийг таньж унших хэрэглэгчийн боловсрол муу байгааг харуулж байна.
Шаардлага хангасан усны сав зах зээлд хямд үнээр худалдаалагдаж байвал та авч хэрэглэх үү? Гэсэн асуултад нийт оролцогчдын 90,2 хувь нь тийм, 7,9хувь нь үгүй, 1,7 хувь нь мэдэхгүй гэсэн байна.
Судалгаагаар судалгаанд оролцогчдын дийлэнх нь хүнсний зориулалтын бус хуванцар савыгөргөн хэрэглэдэг, энэ нь хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг ч хэрэглээндээ байнга ашиглаж байгаа нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл шаардлага хангасан стандарт сав байхгүйгээс хэрэглээндээ байнга ашигласаар байна.
Мөн дийлэнх хэрэглэгч стандарт шаардлага хангасан хямд үнэтэй сав худалдаалвал худалдаж авах сонирхолтой байгаа талаар хариулсан бол хуванцар саванд тэмдэглэсэн тэмдэг, тэмдэглэгээг уншиж, таних талаар хэрэглэгчийн боловсрол маш муу байгаа нь энэхүү судалгаагаар нотлогдож байна.
ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗРЫН ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ, ЗАР СУРТАЛЧИЛГАА ХЯНАЛТЫН ГАЗАР