Нас өндөр болж зөнөх шахуу болсон хөгшин банхар хөдөө ганц гэрээрээ амьдрах залуухан гэр бүлд хань болдог байлаа. Ан гөрөө хийж дийлэхгүй, заримдаа мал дагаж явна, хааяа нэг хуцахаас илүү чадалгүй шүдгүй болсон хөгшин банхар байж. Залуу эзэн бараг л өөртэй нь чацуу шахуу болохоор түүндээ их л дасаж хайрладаг байлаа.
Хөгшин банхарын бие цаг өнгөрөх тусам дордсоор хоолоо ч идэж чадахгүйд хүрч байсан юм. Эзэн нь хааяа хөөрхий хөгшин банхарыг ингэж зовоож байхаар эртхэн унтуулах тухай бодсон ч дассан сэтгэл нь түүнийг зүрхлэхгүйд хүргэдэг байлаа. Хавар болж эд ногоо цагаа гарч байх үед 20-иодхон минутын бороо ороод зогсов. Борооны дараа залуу гэр бүлийн 2 настай хүүхэд гэрийнхээ гадна хөөрцөглөн тоглож байх үед хөгшин БАНХАР гэнэт ухасхийн босож нялх хүүхдийг амандаа зуун уул өөд бүх тамираа шавхан давхиж одох нь тэр. Хүүхдийн ээж уйлан уйлан араас нь гүйхэд гэрийн эзэн залуу эртхэн л буудах байсан юм гэж гэмшсээр одоо л буудаж алах тухай бодон буугаа шүүрэн араас нь гүйж гарав.
Хөгшин банхар давааны цаахан талд хүүхдийг тавьсанаар өөрөө байдгаараа айхлан хэвтэхэд залуу эзэн араас нь ирээд яг буудах гэснээ хүүхдийнхээ эсэн мэнд байгааг хараад нохойгоо ч өрөвдөөд буудаж чадалгүй чулуугаар нилээн гөвшиж орхиод хүүхдээ тэврэн эргээд алхахад хад чулуу дугарах мэт чимээ гарах нь тэр. Яарсаар даваан дээр гараад харвал 20-30 км цаг хурдтай 150-200 см өндөртэй үерийн ус гэр орон зэлэнд уяатай байсан тугал, цөөн хэдэн ишиг гээд бүгдийг нь хаман одсон байсан юм гэнэ лээ.
Залуугийн нүднээс харамссан биш нохойныхоо буянаар эхнэр хүүхэдтэйгээ амьд гарсаны төлөө нулимс том томоор дуслан байлаа. Ингээд хөрш зэргэлдээ айлдаа хоноод өглөө нь буйраа эргэтэл хөгшин банхар сая нэг санаа амарлаа гэлтэй нүдэнд нь нулимс торон амьсгал хураасан байсан юм гэнэ лээ.