Мэдээллийн нээлттэй ил тод байдал нь хүн бүхэнд үзэл бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцах эрх чөлөөг олгосон. Үүнийг цахим хэрэглэгч нар уур бухимдлаа илэрхийлэх талбар, бусдыг доромжлох боломж мэтээр ойлгон \”Танхай комментчин” болж мэргэшиж байна.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг ч танхай комментчдын үлдээсэн сэтгэгдлүүд асуудлыг шийдвэрлэхээсээ илүүтэй, тухайн мэдээллийн үнэ цэнийг алдагдуулах аюулд хүргэж байна. Түүнчлэн олон нийтэд буруу ойлголт өгч, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө учруулж болохыг сэтгэл судлаачид анхааруулж байна.
Нийгмийн эд эс болсон хүн нь сэтгэлийн амьтан юм. Хүн ер нь бол гаднаас ирэх бусдын доромжлол, дайралтад хариу үйлдэл үзүүлэлгүйгээр тоохгүй өнгөрөөж чадалгүй их, бага хэмжээгээр эмзэглэн шаналж явах нь энгийн үзэгдэл билээ.
Энэ шарх нь бодит амьдралд ч, цахим ертөнцөд ч адилхан болохыг Америк судлаачдын хийсэн судалгааны үр дүн харуулсан байна. Энэхүү судалгаанд оролцогчид цахим нийгмийн сүлжээнд гадуурхагдах, доромжлогдох нь сэтгэл зүйн хувьд бодит амьдрал дээр доромжлуулж, гадуурхагдсантай ижил мэдрэмж төрдөг болохыг илэрхийлжээ. Гол нь цахим орчинд сөрөг комментоос өөрийгөө хамгаалах боломж маш бага тул сэтгэл зүйн хувьд маш их шархалдаг болохыг онцолсон байна.
Хамгийн хачирхалтай нь бусад хүмүүс болон цахим найз нөхөд нь сөрөг комментын нөлөөнд автан тухайн хүнийг гомдоох давалгаанд нэгдэж тохуурхах нөхцөл байдлыг үүсгэж байсан байна. Үүнийг сэтгэл зүйчид \”хагархай цонх”-ны нөлөөлөл гэж хэлдэг.
Тодруулбал, хэн нэгэн нь эзэнгүй байшингийн цонхыг хагалжээ. Хэсэг хугацаа өнгөрсөн ч хэн ч цонх хагарсныг тоохгүй бол өөр хэн нэгэнд дүрсгүйтэж дахин нэг цонхыг нь хагалах гэнэн гэмээр саваагүй сэдэл төрнө.
Үүнтэй адил хүн бүрд их бага хэмжээгээр аливаа дүрэм журмыг зөрчин буруу зүйлсийг хийх хүсэлтэй жижиг чөтгөр оюун бодолд нь нууцхан оршиж байдаг байна энэ нь бусдыг даган хөөрцөглөх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
Борооны дараах мөөг шиг \”Танхай комментчин” нар яагаад цахим ертөнцөд мэдэгдэхүйц хэмжээгээр олшрох болов?
Остин дахь Техасын их сургуулийн Сэтгэл судлаач Art Markman-ын үзэж буйгаар:
- Цахим ертөнцөд хүн бүр хуурамч нэрийн бүртгэлтэйгээр сэтгэгдэл бичиж үлдээх нь \”Танхай комментчин” нарын хувьд хүссэнээ бичиж, өөрийн бичсэн зүйлд хариуцлага хүлээхгүй байх боломжийг бий болгодог.
- Цахим ертөнц нь хиймэл орон зай учир доромжилж буй хүнтэйгээ нүүр тулахгүй, хүссэнээрээ аяглаж болох боломжтой гэж үзсэнээр уг үйлдэл нь даамжирч энгийн л үзэгдэл мэт санагдана. Энэ нь хүний ёс суртахууны төвшнийг аажмаар доройтуулж байдгийг хувь хүн мэдэхгүй. Түүнчлэн бусдын сэтгэлийг шархлуулж буйгаа ч огт мэддэггүй байна.
- Муугаар хэлбэл танхай комментчдийн түгээмэл нэг шинж нь бусдыг доромжилж бах ханах, өөрийн оршин буйг мэдрэх, хүмүүсийн анхаарлын төвд ийм аргаар орох нь тэдний хувьд амжилт гаргасан мэт сэтгэл хангалуун байдлыг бий болгодог байна.
Эдгээрээс гадна Вашингтоны их сургуулийн профессор Edward Wasserman-ний хувьд орчин үеийн мэдээ мэдээллийн хэрэгсэл сөрөг харилцааны арга техникийг ашиглан олны анхаарлыг татах явдал олширсныг онцолжээ. Ингэснээр хэн ч бусдыг доромжилж болох мэт буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь харамсалтай юм.
Мэдээллийн таагүй орчинг үүсгэн бусдыг хэт их шүүмжилж байгаа нь олон нийтэд сөргөөр нөлөөлж өөр хоорондоо хүндлэлгүй харьцах энгийн нэг бодит жишээ нь танхай комментчид юм.
Иймд аюулгүй соёлтой цахим орчинг бий болгохын төлөө иргэн бүрийн оролцоо их чухал тул сөрөг мэдээлэл, танхай комментчдийг хөхүүлэн дэмжилгүй тэдгээрийн ёс бус загнасан үйлдлийг зохих байгууллага, хүнд хандаж арга хэмжээ авах нь зүйтэй.
Сүүлийн үед цахим программууд сөрөг сэтгэгдэл үлдээснийг холбогдох байгууллага, админд нь мэдээлэхэд л тухайн сөрөг сэтгэгдэл үлдээсэн хүний бүртгэлийг хяналтад авдаг болсныг энд хэлэхэд таатай байна.
Харин залуу цахим хэрэглэгч нартаа хэлэхэд танхай комментчин болох нь цахим од болох арга зам биш бөгөөд саваагүйтэж бичсэн хэдхэн үгс тань бусдын аминд ч хүрч болохыг анхааруулмаар байна. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэе.
Иймд залуу цахим хэрэглэчдэд аюулгүй цахим хэрэглээний талаар мэдлэг олгох нь нэн тэргүүнд тавигдах асуудал билээ.
Сэтгэл зүйч Д. Пүрэвсүрэн