Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, Тоёота мотор корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи нар Үндэсний их баяр наадмын бөхийн бай шагналын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг \”Ланд крузер-200” маркийн автомашинаар шагнадаг уламжлал тогтоод байгаа юм. Тоёота Мотор Корпорацийн Төлөөлөгчийн газрын захирал Цүёши Аваи \”Юуны өмнө үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж буй та бүхэнд баяр хүргэе. Тоёота мотор корпораци нь улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж дөрөв дэх жилээ угтаж байна. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээн хэллээ.
Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийн бай шагналыг долоодугаар сарын 13-ны өдөр 12:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд гардуулна. Энэ үеэр наадмын албан ёсны түнш \”Тоёота” компани шинэ загваруудаа танилцуулахаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй жолоодлоготой холбоотой үйл ажиллагааг таниулж, сурталчлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.