Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Үндэсний их баяр наадмын нээлтийг Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хоёр дахь жилдээ найрууллаа.
Энэ жилийн наадмын нээлт Монголынхоо түүхийг хойч үедээ танин мэдүүлсэн Хүннү гүрнээс хойш 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэлх Монголын түүхийн үечлэлийг харуулснаараа онцлог боллоо.
Үндэсний Их баяр наадмын найруулагч ажилласан найруулагч Н.Наранбаатар өдрийн сонинд наадмын нээлтийн талаар ярилцлага өгөхдөө \”Өнгөрсөн жил бид илүү түүхчилсэн хэлбэрээр, сюрприз сэтгэл хөдлөлд илүү анхаарсан. Энэ жил эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой гэдгээрээ онцлогтой түүхийн он цаг тохиож байгаа. Тийм болохоор агуулга тал руу илүү анхаарч байна. Цаг хорин минутын хугацаанд гурван сая монголчуудын зүрх рүү орж, тархитай нь ярих болно. Монголчууд бид хаанаас эхлэлтэй, ямар хүний үр сад билээ. Ямар тэнгэрээс заяатай, хэрхэн яаж амьдрах ёстой вэ. Юуг шүтэж, юуг хайрлах билээ. Юуг эрхэмлэх ёстой билээ гэдэгт ач холбогдол өгсөн. Товчхондоо хүн аавыгаа дурсаж, ээжийгээ хайрладаг байгаасай гэж хэлэхээр, харуулахаар нээлтийнхээ зохиолыг гаргасан. Нээлт л бол нээлт. Бидэнд гайхамшигтай түүх байна. Энэ түүхийг бид хэдэн арван жил идээд барахгүй. Ийм түүхтэй улс дэлхийд ховор. Энэ сайхан түүхээ онцолсон.” хэмээнэ ярьсан юм.
Наадмын нээлтэд Бүжигчид, жүжигчид, цэрэг армийнхан, авьяаслаг хүүхдүүд, одонтой ээжүүд гээд 1500 орчим хүн оролцлоо.