БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв Хөх хотод \”Монголын боловсрол-2017” өдөрлөг өнгөрөгч 6 дугаар сарын 28-29 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгийн хүрээнд Монгол улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн бакалаврын сургалтын албаны дарга доктор Р.Чанцалдулам тэргүүтэй төлөөлөгчид оролцож үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөж ажилласан байна. Арга хэмжээг Монгол-Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг, Хөх хотод сургууль төгсөгчдийн холбоо, Өвөр Монголын Тариалангийн их сургууль хамтран зохион байгуулав.
Уг арга хэмжээний хүрээнд Монгол улсын ХААИС-ийн хөтөлбөр, мэргэжлүүдийн танилцуулга хийх, цаашдаа элсэлт авах нөхцлийг судлах зорилготойгоор Өвөр Монголын тариалангийн их сургууль, Хөх хотын Монгол дунд сургууль, Өвөр Монголын багшийн их сургуулийн харьяат дунд сургуулийн оюутнууд болон ахлах ангийн 1000-аад сурагчидад мэдээлэл хүргэж Монгол улсын их дээд сургуульд суралцах хүсэл сонирхолыг нь тодруулсан судалгаа бөглүүлсэн байна.
2017 онд ӨМӨЗО-ны хэмжээгээр дунд сургууль төгсөгчидөөс их, дээд сургуульд элсэн суралцах шалгалт өгөхөөр 199095 сурагчид бүртгүүлж 6 дугаар сарын 7-14 ны хооронд элсэлтийн шалгалт өгсөн байна. Монгол дунд сургуулиудын сурагчид нь монгол хэл бичгийн шалгалт өгсөн байхад гол их сургууль Өвөр монголын их сургууль нь 2017 онд оюутан элсүүлэх хяналтын тоог 4700 байхаар тогтоосон зэргээс харахад монголын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан элсүүлэх орон зай байгаа нь илэрхий харагдлаа.
Өдөрлөгт хамрагдсан сурагч, оюутнууд Монгол улсын их дээд сургуулиудын талаар ойлголт дулимаг байдаг нь тэдний тавьсан асуултуудаас үзэхэд тодорхой байлаа. Жишээлбэл: Монгол улсад Анагаах ухааны сургууль байдаг уу, Хууль зүйн сургалт явуулдаг их сургууль бий юу гэх мэтчилэн асууж байсан нь эдгээр сурагчид Монгол улсын талаарх мэдлэг мэдээлэл дулимаг байгаагийн илэрхийлэл гэж үзэж болохоор байна.
Цаашид Монгол-Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг, Хөх хотод сургууль төгсөгчдийн холбооноос \”МОНГОЛЫН БОЛОВСРОЛ-2017” өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ирэх жилийн арга хэмжээнд Монголын төрийн өмчийн болон хувийн их, дээд сургуулиуд оролцох боломж нээлттэй гэдгийг тус арга хэмжээг зохион байгуулагч Монгол-Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэгийнхэн онцолж байлаа.
Б.Лхагва
Эх сурвалж: ugluu.mn