Ой, хээрийн түймэртэй тэмцэх ажилд Монгол Улсын Засгийн газар онцгой анхаарал хандуулан эрчимтэй ажиллаж байна. Ням гарагт шуурхай зарласан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гал түймрийг унтраахад Онцгой байдлын албан хаагчдыг дэмжиж, сайн дураараа нэгдэж буй иргэдэд урамшуулал олгох тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт чиглэл өгчээ.
Энэ чиглэлийн дагуу урамшууллын мөнгийг нэг хүнд өдөрт 40 мянган төгрөгөөр тооцон олгохоор боллоо. Уг мөнгийг Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардал буюу байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшгийн үед ажилгүй иргэдийг дайчилж ажиллуулахад зориулагдаг зардлаас санхүүжүүлэхийг даалгалаа. Одоогоор нийслэл, есөн дүүрэг, түймрийн голомтот бүс 2 аймагт нийт 1 тэрбум 59 сая төгрөг хуваарилаад байна. Урамшуулал олгох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцан ажиллаж байна.
Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан.Үүнээс сүүлийн өдрүүдэд төв суурин газрыг тойрсон түймрийн тохиолдол 20 гаруй гарснаас унтрааж, цурманд оруулж эхэллээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам