Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ нар долдугаар сарын 3-ны өдөр \”ард түмнийг нэг удаа өргүй болгоно” хэмээн амласан. Уг амлалтаа биелүүлэхийг хүсч \”Өргүй Монгол” сонгогч ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр мэдэгдэл хийлээ.
АН-аас гаргасан ард түмний өрийг тэглэх тухай мэдэгдэлд \”аливаа сонгууль улс төрийн намуудын хувьд хууран мэхлэлт, худал амлалт бус бодит ажил, бодлогын зөв шийдэл байх ёстой” гэдгийг тодотгожээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амлалтдаа хүрвэл оюутны, малчны, цалингийн, тэтгэврийн зээлтэй 943 мянган иргэний 5.8 их наяд төгрөгийн өрийг барагдуулах юм байна.
\”Өргүй монгол” хөдөлгөөний тэргүүн П.Доржсүрэн \”АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн З.Нарантуяа \”Ерөнхийлөгч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт өр тэглэнэ гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй” хэмээн мэдэгдэж, АН-ын гишүүн, дэмжигч, эмэгтэйчүүдийн холбоо \”өрийг өөрсдөөр нь төлүүлье” гэсэн аяныг эхлүүлсэн. Энэ мэтээр амласан амлалтаасаа буцах, асуудлыг бултуулах, бусдад нялзайх алхмыг АН-ынхан зохион байгуулалттайгаар хийж байна” гэв.
Түүнчлэн тус хөдөлгөөнийхөн ард түмний өрийг нэг удаа тэглэнэ амлалттай холбоотой асуудлаар ирэх наймдугаар сарын 5-ны өдрөөс өмнө ард түмэнд тодорхой хариу өгөхийг хүслээ. Тогтсон хугацаанд хариу өгч, тодорхой, арга хэмжээ авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ.