Владимир Владимирович Путин 1952 оны 10 сарын 7-нд Ленинград хотод төржээ. Түүний ээж Мария Ивановна Путина үйлдвэрийн ажилчин байв.
Харин эцэг Владимир Спиридонович Путин 1930 оны үед шумбагч онгоцны усан цэрэг байж Дэлхийн 2-р дайн үед НКВД-ийн тагнуулын хорлон сүйтгэх тасагт ажиллаж байжээ. Ленинградын бүслэлтэд тулалдаж байсан эцэг нь Путины бахархалт шүтээн юм. Дайны дараа Ленинградын Егоровын нэрэмжит Вагон үйлдвэрлэх газарт ажилласан байна.
Путин Ленинградын нийтийн байранд өсөж торнисон бөгөөд хүүхэд байхын л тагнуулч болохыг мөрөөддөг байжээ. Тэрээр хоёр ахтай байсан бөгөөд нэг нь нярай байхдаа нас барсан, нөгөө нь Ленинградын бүслэлтийн үед өвчний улмаас хорвоог орхиж байжээ.Тэр ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангид сурч байхдаа ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд (КГБ) бие даан хандаж, тагнуулч болох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна. Тухайн үед түүнийг хуулийн боловсролтой болохыг зөвлөжээ. Мэдээж хэрэг түүний тагнуулч болох хүсэл мөрөөдөлд хамгийн том нөлөө үзүүлсэн хүн бол эцэг нь байсан юм.
Путин сурагч байхдаа бокс, самбо, жүдо бөхөөр хичээллэдэг байв. 1970 онд тэр Ленинградын улсын их сургуулийн хуулийн тэнхимд элсэн оржээ. Хууль, эрх зүй, герман хэл судалсан хэдий ч спортоо орхисонгүй шамдан хичээллэсээр л байлаа.
1975 онд их сургуулиа төгсөхөд нь түүнийг ЗХУ-ын Улсыг Аюулаас Хамгаалах Хороонд хуваарилсан байна. Дараа жил нь тэр Ленинградын жүдо бөхийн аварга болжээ.
Сэтгүүлчдийн олж мэдсэнээр бол Путин 1975-1990 оны хооронд КГБ-ын гадаад тагнуулын ажил хариуцсан 1-р хэлтэст ажиллаж байжээ. Дараа нь түүнийг сөрөг тагнуулын ажилд шилжүүлсэн байна.
Сөрөг тагнуулын албанд тэр 5 сар ажиллажээ. Тэрс үзэлтнүүдэд няцаалт өгөх нь түүний үндсэн үүрэг. Сөрөг тагнуулын албанд ажиллаж байхад гадаад тагнуулын тасгийнхан түүнийг анзаарч хамтран ажиллах санал тавьжээ. Путин ч зөвшөөрсөн байна. Тэр нэг жилийн турш тусгай бэлтгэл хийсний эцэст гадаад тагнуулын албанд оржээ.
1985-1990 онд Путин Ардчилсан Герман Улсын Дрезден хотод ажиллаж амьдарчээ. ЗХУ-БНАГУ-ын \”Найрамдлын Ордны” захирлын албан тушаал хашсан байна. Түүнийг Германд ажиллаж байсан тухай мэдээлэл хомс байдаг. Тэр бүрэн эрхэт төлөөлөгч, хэлтсийн даргын туслах, УАХХ-ны төлөөлөгчийн газрын намын хорооны гишүүн болгожээ. Тэр мэдээллийн эх сурвалж элсүүлэн авах, мэдээлэл олж авах, боловсруулах, төв рүү илгээх ажил хариуцаж байжээ.
Путины эхнэр Людмила Путина. Путинтэй танилцах үедээ Калининградын нисэх хүчинд онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Люба нэг удаа Ленинградад гурав хоног ажлаар очоод байхдаа анх Путинтэй танилцсан байна. Түүнтэй хамт очсон найз бүсгүй нь тэнд танилтай байсан ба Путин тэр танилынх нь найз байж таарчээ. Ингээд залуус танилцан, Ленинградад гурван өдөр театрт тоглолт үзэн, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна.
Ингэж танилцсанаас хойш гурван жил гаруйн дараа тэд гэрлэцгээжээ.Удалгүй 1985 онд анхны охин Маша нь мэндэлж, түүнтэй тэрсхэн дүү охин Катя нь Путиныг БНАГУ-ын Дрезденд ажиллаж байхад төрсөн аж.1986 онд тэд Германд очих үед Люба их сургуулиа төгсчихсөн, Маша нь нэг ойтой, хоёр дахь хүүхдээ \”олчихсон\” байжээ.
1990 оны 6 сард Путин төрөлх хотдоо эргэж ирлээ. Тэр Ленинградын их сургуулийн проректорын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн туслах болжээ. Ленинградын их сургууль дахь УАХХ-ны төлөөлөгч гэсэн давхар алба хашиж байв. Энэ үед Путин олон улсын хувийн эрх сэдвээр эрдмийн ажил бичих төлөвлөгөөтэй байжээ. 1990 онд Ленинградын их сургуульд ажиллахаас гадна хотын зөвлөлд орсноор улс төрд хөл тавьжээ.1991 оны 8 сард болсон үймээний үеэр Путин КГБ-ээс халагдах хүсэлтээ гаргажээ. Эхний удаа түүний хүсэлтийг КГБ хүлээн аваагүй бол харин энэ удаа хүсэлтийг нь ёсоор болгожээ.1996 онд Путин Москва руу шилжин иржээ.
Тэр Ерөнхийлөгч Борис Ельциний засаг захиргаанд ажилд оржээ. Путин Москвад ирээд шууд л Ерөнхийлөгчийн тамгийн газар ажилд орсон нь сонирхол татдаг. Анатолий Чубайсийн дэмжлэгтэйгээр Путин ийм өндөр албан тушаал хаших болсон гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн таамагладаг.1996 оны 8 сараас Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын дарга Павел Бородины орлогч болжээ. Энэ албан тушаалд Путины хариуцсан асуудал нь хилийн чанадад байгаа оросын өмч хөрөнгө, хууль эрх зүйн асуудал багтаж байлаа. Шинэ албанд томилогдоод гарын үсэг зурсан хамгийн анхны баримт бичиг нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй үрэн таран хийж байгаа эсэхийг шалгах тухай байлаа. Долдугаар сарын 27-нд Оросын ерөнхий сайд Сергей Криенко Холбооны Аюулгүй Байдлын Газрынханд шинэ даргатай болж байгааг нь дуулгажээ. Тэр Путинг энэ байгуулагын даргаар томилохдоо тусгай албанд ажиллаж байсан, эдийн засгийн гэмт хэргийг илрүүлж байсан туршлагатай хүн гэж тодорхойлсон байна.
Ерөнхий сайд болмогц Путин 1999 онд Кавказын асуудалд ач холбогдол өгчээ. Дагестан, Чечень руу цэрэг оруулав. Энэ үед Оросын томоохон хотуудад хэд хэдэн удаа орон сууцны барилгад дэлбэрэлт боллоо. Энэ алан хядах ажиллагааг Чечений салан тусгаарлагчид зохион байгуулсан гэж тагнуулынхан үзжээ. Харин Чеченьд хийж байгаа цэргийн ажиллагааг зөвтгөхийн тулд Путин тусгай албаныханаар дэлбэрэлт үйлдүүлсэн гэж цуурхал дэгдэж байлаа. Үүнийг Путин эрс няцааж байлаа.
2000 онд Путин анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлджээ. Сонгуулийн сурталчилгааны үед эрх баригчид Путинаас өөр сонголт байхгүй гэдэг үзэл санааг хүмүүст тулгаж байлаа. 2000 оны 3 сарын 26-нд Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Путины төлөө сонгогчдийн 52,94 хувь нь санал өгсөн байна. Оросын ард түмэн ийнхүү 16 жилийн өмнө зөв сонголт хийсэн юм. Энэ жил Крымийг эргүүлэн авсны дараа Путины нэр хүнд Оросын ард түмний дотор улам бүр өссөөр байна.