НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, нэгэн шийдвэр гаргалаа. Зөвлөлийн гишүүд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийг тасалдуулах зорилготой шинэ хориг арга хэмжээ авах талаар санал хураасан бөгөөд гишүүдийн 100 хувийн саналаар шинэ хоригийг баталсан юм.
Шинэ хориг батлагдснаар НҮБ-ын гишүүн орнууд Хойд Солонгосоос нүүрс, төмрийн хүдэр болон бусад байгалийн түүхий эд худалдаж авахгүй болж байна.
Ингэснээр Ходй Солонгосын орлого нэг тэрбум ам.доллароор хорогдоно гэж тэд үзжээ. Хэрвээ энэ төлөвлөгөө бүтвэл Хойд Солонгос улс маш том сөрөг цохилт авах юм.
Учир нь тус улс өнгөрсөн хугацаанд явагдсан хориг арга хэмжээнээс болоод нэг тэрбум ам.долларын алдагдалтай яваа. Шинэ хориг хэрэгжээд эхэлбэл улсынх нь орлого хоёр тэрбум ам.доллараар тасрах юм. АНУ болон БНХАУ НҮБ-ийн шинэ хоригийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.
Хойд Солонгос улс өнгөрсөн сард хоёр ч удаа баллистик пуужин туршсан. Энэ нь НҮБ болоод дэлхийн томоохон улсуудын дургүйцлийг хүргэсэн юм. 2371 дугаартай \”баллистик пуужингийн туршилтад ноогдуулж байсан хамгийн хүчтэй хориг” гэх тогтоолыг гаргалаа.
НҮБ 2006 оноос хойш Хойд Солонгосын эсрэг долоон удаа хориг гаргаж байгаа юм байна.