Эрүүл мэндийн даатгалаа бүрэн төлснөөр Даатгалын сангаас олон төрлийн тусламж, үйлчилгээ авч болдгийг мэдэхгүй хүн байдаг аж. Ийм хүмүүст зориулж дараах мэдээллийг хүргэж байна. Хэвтүүлэн эмчлэх үйлчилгээ, амбулаторийн үзлэг шинжилгээнээс гадна нөхөн сэргээх рашаан сувиллаар үйлчлүүлэхэд хөнгөлөлт эдлэх юм. Мөн эмийн сангаас хөнгөлөлтэй үнээр эм авч болохоос гадна өндөр өртөгтэй мэс заслын үед хэрэглэх эмнэлгийн хэрэгсэл, хагалгааны зардлаа хэмнэж болно.
Өндөр өртөгтэй эмчилгээнд 116 төрлийн мэс засал, эмнэлгийн 484 хэрэгсэл багтдаг аж. Даатгуулагч өндөр өртөгтэй хагалгаанд орвол 25-30 хувийг өөрөө, үлдсэнийг нь Эрүүл мэндийн даатгалын сан хариуцна. Улсын I, II, III төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээгээ 70 хувь хөнгөлдөг.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2017 оны байдлаар 1103 амралт сувилал, эрүүл мэндийн байгууллагатай даатгалын гэрээ байгуулжээ. Иргэн та n.daatgal.mn цахим хуудаснаас хөнгөлөлттэй үнээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагуудын мэдээллийг авч болно.
Даатгалын гэрээтэй хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын хэмжээнээс хамаарч хөнгөлөлт үзүүлдэг болсон. Жишээ нь, хувийн эмнэлэгт хэвтээд 350 мянган төгрөгийн төлбөр гарсан бол Эрүүл мэндийн даатгалын сангаас дунджаар 175 мянган төгрөгийг нь чөлөөлнө. Сувилал, амралтын газраар үйлчлүүлэхдээ нийт төлбөрөөс 110 мянган төгрөгийг хөнгөлүүлэх боломжтой. Эрүүл мэндийн даатгал төлсөн бүх хүн эдгээр боломжийг ашиглах эрхтэй.
Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд иргэн бүр албан журмаар эрүүл мэндийн даатгал төлнө хэмээн заасан байдаг. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон малчид, ажилгүй иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь буюу 56.080 төлөх үүрэгтэй. Харин 0-18 настай хүүхэд, тэтгэврийн иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцдаг.
Бусад тохиолдолд хөдөлмөр эрхэлж буй хүн бүр хуульд заасан хувь хэмжээгээр эрүүл мэндийн даатгал заавал төлөх ёстой. Хэрэв эрүүл мэндийн даатгалаа хугацаандаа төлөөгүй бол нөхөн төлүүлэхээс гадна Зөрчлийн тухай хуульд зааснаар арван нэгж буюу 20 мянган төгрөгөөр торгохоор болсон.