Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгааны үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Тэгвэл энэ хэргийн шүүх хурал 8 дугаар сарын 9-ний өдөр болж С.Ганбаатарыг буруутай хэмээн үзэж, торгуулийн арга хэмжээ авсан байна.
Хамгийн сонирхолтой нь сонгууль болдгоороо болж, хоёр ч удаа явагдснаас хойш нэг сарын дараа С.Ганбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасахыг Сонгуулийн Ерөнхий хороонд даатгасан шийдвэрийг шүүх гаргалаа. Нөгөө орсон борооны араас цув нөмрөх гэдэг үгийг энд хэрэглэх нь зөв үү.
Хэрвээ С.Ганбаатарт аз таарч, Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол энэ шүүхийн шийдвэр гай болох байжээ. Гэвч тэрээр амжилттай өрсөлдсөн ч эхний шатанд бүдэрчихсэн. Тэгэхээр түүний нэрийг хассан хасаагүй ялгаа алга шив дээ. Ийм сонин, \”юу?” гэж гайхаж дахин дахин асуумаар шийдвэрийг шүүх гаргасан байна.
Мөн БНСУ-ын иргэнээс хахуульд авсан 50 сая воныг улсын орлого болгож, С.Ганбаатарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийдвэрийг гаргажээ.
Торгуулиад, хахуульд авсан мөнгөө хураалгах нь ч яах вэ. Гэтэл Монгол Улс чинь Авлигатай тэмцэх газар гэж бүхэл бүтэн байгууллагатай, мөн Авлигын эсрэг хуультай орон шүү дээ.
Сонгуульд нэр дэвшигч бусдаас 50 сая вонын хахууль авчихаад байхад нь гэм буруутай гэж тооцсон мөртлөө сая гаруй төгрөгөөр торгоод л өнгөрсөн байх юм. Авлига авсан хүний толгойг илээд явуулчихаж байгаатай агаар нэг шийдвэр гэж санагдахгүй байна уу.
Үүнийг л маш ихээр гайхаж байна. Хахууль авсан нь тогтоогдсон мөртлөө торгоод л өнгөрчихлөө. Тэгэхээр цаашид нэр дэвшиж байгаа хүмүүс бусдаас хахууль авч болох юм байна. Тийм үү. Тэгээд сонгогдож чадахгүй бол нэр дэвших эрхээ хэзээ хойно хасуулаад, дараа нь сая гаруй төгрөгийн торгууль төлөөд л болох нь байна шүү дээ.
А.Аюуш