\”Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын үйл ажилаагааг энэ сарын 24 буюу маргаашаас бүрэн эхлүүлнэ. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг цогцолборт шилжүүлж, импортын машины бүртгэлийг зөвхөн \”Авто худалдааны цогцолбор”-т бүртгэхээр шийдвэр гарлаа. Авто худалдааны цогцолборт 6375 авто зогсоол байдаг бөгөөд сул чөлөөтэй байгаа 5000 авто зогсоол дээр түрүүлж ирсэн нь эхлээд байршлаа сонгох зарчмаар захиалга авч байна. Зогсоол түрээслэгчдэд ирэх арван сарын 1-ийг хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөх хөнгөлөлттэй аж. Энэ талаарх мэдээллийг Авто тээврийн үндэсний төв, \”Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ болон холбогдох албаныхан өнөөдөр мэдээлсэн юм. Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзон \”Нийслэлд Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаа явуулж, импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, мөн шилжилт хөдөлгөөн хийх гэх зэрэг үйл ажиллагааг явуулдаг. \”Авто худалдааны цогцолбор” үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаатай холбогдуулаад нийслэлд импортоор оруулж ирж буй автомашинуудыг 24-ний өдрөөс эхлэн тус газарт бүртгэх шийдвэр гарсан. Шинээр тээврийн хэрэгсэл худалдан авч байгаа, мөн шинэ автомашин оруулж ирж зарах гэж буй иргэд тус цогцолборт очиж үйлчилгээгээ авна\” гэлээ.
Авто худалдааны цогцолборын орлогч дарга Ц.Гүрбадам \”Авто худалдааны цогцолбор нь 6375 зогсоолтой. Үүнээс 1200 нь эзэддээ оччихсон байгаа. Улаанбаатар хотод автомашин, сэлбэгийн худалдаа хийдэг 9 зах, 102 цэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрыг нэгтгэж, нэг цогцолборт төвлөрүүлэх нь олон давуу талтай. Авто цогцолборт машины дугаар үйлдвэрлэх үйлдвэр, банк гэх мэт шаардлагатай бүх газар бий. Тэгэхээр иргэдэд нэг дор бүх үйлчилгээг авах боломж бүрдэж байгаа. Мөн авто цогцолборын бүтээн байгуулалтыг улам өргөжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, замын хөдөлгөөний ачаалал, агаарын болон хөрсний бохирдлыг эрс бууруулан, нийслэл хотдоо иргэд таатай нөхцөлд тайван амгалан ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм\” хэмээлээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.