2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нийслэл хотод орсон түр зуурын усархаг аадар борооны үеэр Нийслэлийн Онцгой байдлын газарт үер усны нийт долоон удаагийн дуудлага ирсэн байна.
Дуудлагаар ОБЕГ-ын харьяа Аврах тусгай анги, нийслэлийн Аврах анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Хилчний 16 дугаар гудамжинд айлын гэр, хашаа усанд автсан, тус тоотод оршин суугч иргэн 57 настай, эрэгтэй осголтын байдалтай байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батбаяр, хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Ц.Лхагвасүрэн, тус хорооны Засаг дарга н.Тэмүгэ нар тухайн иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аюултай бүсээс гаргаж яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн.
Мөн тус дүүргийн 20 дугаар хороо, Цэргийн хотхоны баруун талд үерийн сувгийн ус хальж өндөр настай иргэн усанд боогдсон байна гэсэн дуудлагыг ирүүлснээр нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүрэлцэн очиход иргэн 74 настай, эмэгтэй, 12 настай, эрэгтэй, 10 настай, эрэгтэй нар үерийн усанд боогдсон байсныг аюулгүй газар гаргасан. Далангийн голд иргэд усанд боогдсон гэсэн дуудлагын дагуу Аврах тусгай ангийн алба хаагчид шуурхай ажиллан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны иргэн 12-13 настай, 3 хүүхдийг эрсдэлтэй бүсээс гаргаж амь насыг нь аварсан байна.
Ус цаг уурын байгууллагаас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар сэрүүсч нутгийн зарим хэсэгт хур бороо орох төлөвтэй байгаа тул иргэд болзошгүй үерийн аюул, усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.