Замын түгжрэл бол нийслэлчүүдийн биднийг бухимдуулж буй томоохон асуудлуудын нэг. Уг нь болдогсон бол давхар давхар зам тавиад шууд шууд давхичихдаг бол зүгээрсэн. Эсвэл ядаж газар доогуураа метротой болчихвол…
Гэвч энэ нь нийслэлчүүд бидний мөрөөдөл төдийхөн байсаар л байна. Харин хотыг удирдаж буй хүмүүс иргэд бидний бэрхшээл, асуудлаар далимдуулж аятайхан мөнгө хийгээд байх шиг. Метро тавина, судлана гээд Э.Бат-Үүлийн багийнхан овоо л мөнгө идсэн сурагтай. Харин С.Батболдын багийнхан зүүн эргүүлэхгүй гээд 900 гаруй сая төгрөг зарцуулчихаад удалгүй өнөөх шийдвэрээ цуцалж байх жишээтэй. Энэ нь иргэд бидний бухимдлаар хөлжиж байгаа нэгхэн жишээ юм. Гэвч асуудлыг энгийн аргаар нэг удаа хөрөнгө гаргаад шийдвэрлэж болох гарцууд хөгжиж буй болоод хөгжилтэй орнуудад их л харагдах юм.
Сая гаруйхан хүнтэй жижиг хот шүү дээ, уг нь. Гэвч Сүхбаатарын талбайгаа тойрч түгжирч явсаар өдрийг барах юм. Шийдэх хүсэл алга байна л гэж харагдаад байгаа. Гэтэл дэлхий шал өөр зүггүй хөгжиж байна. Нийтийн тээвэр болоод түргэн, тусламжийн автомашиныг замын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зорчиж болох нэгэн төсөл хэрэгжихээр яригдаад эхэлжээ. Доорх бичлэгээс харж болох юм. Тун аятайхан санагдлаа. Иргэд зорчдогоороо зорчиж, зам хөдөлгөөн хэвийн үргэлжлэх энэ явцад нийтийн тээвэр огтхон ч саад болохгүйгээр явж байна шүү дээ. Зарим нь мөрөөдөл төдий зүйл гэж харах байх.
Гэвч Бидний мөрөөдөл гэж бодож байсан зүйлс одоо биеллээ олж, ямар ч шатахуун хэрэглэхгүй автомашин Монголын замаар давхиад эхэллээ. Харин газар ухаж, эсвэл хэд хэдэн давхар зам тавихгүйгээр шийдэж болох энэ л төслийг Монголдоо хэрэгжүүлэх юмсан. Мөнгө угаа, ид гээгүй болно. Харин нийслэлчүүдээ нэг бухимдлаас нь ч болтугай салгаасай билээ л гэж хүсч байна. Удахгүй аль нэг улсад ийм тээврийн хэрэгсэл зорчоод эхэлнэ. Харин манайх зүүн баруун эргүүлэхгүй гээд хориг тавиад сууж байх уу?