Атлантын далайд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй Ирма хар салхи үүсч, замд таарсан улс, үндэстэн бүрт томоохон хохирол учруулан урагшилсаар байна.
Хар салхи өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн бяцхан арал Барбудаг дайрч, оршин суугчдын байр сууцны 90 хувийг сүйрүүлэн, балгас болгосон юм. Мөн 1.2 тэрбум еврогийн эд материалын хохирол учруулж, 25 хүний амь авч оджээ. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт Кубын хойд эргийг дайран өнгөрч, дэд бүтцэд асар их хэмжээнии хохирол учирсан гэдгийг тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Ирма хар салхи өчигдөр 21.00 орчимд АНУ-ын Флорида мужийг дайрчээ. Хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа. Гэхдээ Флорида урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, иргэдийг нүүлгэн шилжүүлээд байсан. Нийтдээ 6.3 сая иргэнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн гэх мэдээллийг өгч байсан билээ. Ирма чиглэлээ өөрчилж, Мексикийн баруун буланд хүрч болзошгүй гэж таамаглаж байна. Мөн Куба, Миами, Флорида орчимдоо эргэлдэж ч магадгүй гэх таамгийг дэвшүүлжээ.
Флоридагийн өмнөд хэсэгт байрлах цөмийн цахилгаан станцуудын аюулгүй байдлыг хангахын тулд зарим генераторуудыг бүрэн унтраасан гэж мэдэгдэж байна.
Ирмагийн хажуугаар Харви гэх хар салхи АНУ-ын өмнөд хэсгийг дайран өнгөрч Техас мужид багагүй хэмжээний хохирол учруулсан байна. Тиймээс Дональд Трамп Засгийн газраа хуралдуулж, гамшгийн шед авах арга хэмжээ хийгээд урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллахыг үүрэгджээ. Мөн Трамп хар салхитай холбоотой асуудлаар өөрийн твиттер хуудсанд идэвхтэй жиргэсээр байгаа юм. Тэрээр өнгөрсөн бямба гаригт \”Энэ бол маш их хор хөнөөл учруулах хүчтэй хар салхи. Тиймээс хар салхи дайран өнгөрөх бүс нутагт оршин сууж буй иргэд удирдлагуудынхаа зааврыг дагаж, бүгд аюулгүй бүс рүү нүүх хэрэгтэй” хэмээн бичиж, нийт иргэддээ анхааруулсан байна.