Монголчууд бид үйл явдлыг дэндүү амархан мартах улс юм даа. 4 жилийн өмнөх үйл явдал байтугай 4 сарын өмнөх үйл явдлыг санаж байгаа хүмүүс та бидний дунд хэд байгаа бол.
Эрх баригч МАН 60 тэрбумын хэргийг өдөөсөн, концессын гэрээнээс \”хулгай” хийсэн нам доторхи нөхөдтэйгөө хариуцлага тооцох асуудал яригдаж байх хооронд \”сохорсон биш завшив” гэгчийн үлгэрээр өнгөрсөн жилд АН засаг барьж байх үед хэдэн мянгаар нь төсвийн хөрөнгийг шамшигдуулсан, төрийн мөнгөний бодлогыг алдагдуулсан, дур мэдэн төгрөг хэвлүүлсэн, Чингис, Самурай бондыг хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан, тэр бүү хэл хувийн зуслан руугаа авто зам тавиулсан албан тушаалтан, сайд дарга нарын асуудал нам дарагдаж, сэм чимээгүй боллоо.
Зүй нь МАН нам доторх асуудлаа даруй цэгцлээд өнгөрсөн жилд төрийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж, салхинд хийсгэсэн албан тушаалтнуудад дуу нэгтэйгээр хариуцлага тооцуулах хэрэгтэй байгаа юм. Ард түмэн үүнийг л хүсэн хүлээж байгаа.
Ийм албан тушаалтнуудын нэг бол Монгол банкны Ерөнхийлөгч гэдэг өндөр хариуцлагатай ажлыг хашиж байсан Н.Золжаргал гэх эрхэм. АН-аас томилогдсон энэ эрхэм АН-ынхандаа өгүүлж \”баршгүй буян” хийх ард түмэндээ хэлж \”баршгүй гарз” авчирсан нэгэн.
2012 он хүртэл алдагдалгүй ажиллаж байсан Монголбанкийг энэ хүн удирдаж эхлээд л алдагдалд оруулж эхэлсэн байдаг. Тэрээр Монголбанкны Ерөнхийлөгч байхдаа тушаал гаргаж нэр бүхий хүмүүст 3.7 тэрбум төгрөгийн буцалттгүй тусламж шагнал олгуулсан байдаг. Энэхүү буцалтгүй тусламж гэх жагсаалтаас харахад захирал, дарга удирдлагууд ихийг, ажилтнууд бага \”тусламж” авсан байдаг.
Н.Золжаргалын балаг үүгээр зогсоогүй. Монгол банк зарчмын алдаатай бодлого явуулснаас болоод санхүүгийн ийм хүнд байдалд орлоо гэж зарим эдийн засагчид Н.Золжаргалыг банк удирдаж байхад хэлж байв. Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үнэ тогтворжуулах нэрээр АН-ын гишүүдийн удирдсан компаниудад бага хүүтэй их хэмжээний мөнгө олгосны заримынх нь эргэн төлөлт тааруухан болсон гэх шүүмжлэл 2015 оны эхээр гарч байсан. Тухайлбал, Монгол банкнаас \”Энержи ресурс” компанид 200 тэрбум, Дарханы төмөрлөгийн \”QSC” компанид 150 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар дамжуулан, маш бага хүүтэйгээр олгосон байв. Энэ нь банкны тухай хууль зөрчсөн гэж эх сурвалжууд дурьдаж байжээ. Мөн Төвбанк тухайн үед 226.4 тэрбум төгрөгийг жилийн 0.89 хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудад олгосон нь татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй цацсан гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд 0.89 хувийн хүүтэй авсан зээлээ 2.91 хувийн хүү нэмж, шатахуун импортлогч компаниудад олгосон гэсэн үг.
Зарим эх сурвалж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ, Засгийн газарт мэдэгдэлгүйгээр их хэмжээний цаасан мөнгө дур мэдэн хэвлүүлсэн гэж харддаг. Ингэж хардах шалтгаан нь Худалдаа хөгжлийн банк гэнэтхэн Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг авахдаа бэлэн мөнгөөр төлбөр тооцоог нь хийсэн байдаг.
Ийнхүү Монголын хөрөнгө санхүүгийн авдарын түлхүүрийг барьж байсан хүн хэдэн жил дургиж, дунд чөмгөөрөө жиргэжээ. Үүний үр дүнд Монгол төр 14 их наяд төгрөгийн хохирол хүлээжээ. Өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын Ажлын хэсгийн шалгалтаар Монгол банкны 2012-2016 онд салхинд хийсгэсэн 14 их наяд төгрөгийн асуудлыг ил болгож хууль хяналтын байгууллагад өгсөнч одоо болтол Н.Золжаргалд хариуцлага тооцоогүйгээр үл барам, тэрбээр сул чөлөөтэй явж байна. Улсын Их Хурлаас томилогдсон ажлын хэсгийн Монголбанканд хийсэн шалгалтын дүгнэлттэй холбогдуулан илэрсэн зөрчлүүдийг хуулийн байгууллагаар шалгуулах, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах чиглэлийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан гэдэг ч энэ ажлын хэсгийн ажил яав ч урагаштай биш байгаа нь хэн бүхэнд тодорхой харагдаж байна.
Н.Золжаргалыг зарим эх сурвалж Австрали улсын иргэншилтэй болсон, эх орноосоо зугтсан гэж байгаа бол тэрбээр саяхан эх орондоо ирчихсэн, юу ч болоогүй мэт томчуудтай цуг гольф тоглоод явж байгаа тухай мэдээлэл гарсан. Ийнхүү улс орныхоо ард түмнийг басамжлан доромжилж, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг үл тоосон этгээдүүдэд хэзээ хариуцлага тооцдог болох вэ?
Эцэст нь иргэд та бид ой санамжаа марталгүйгээр Н.Золжаргал мэтийн ямбыг нь эдэлчхээд ялыг нь үүрэхээс зугтсан нөхдүүдэд хариуцлага тооцуулахыг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын эрхэм гишүүд, Хууль хяналтын байгууллагын удирдлагуудаас нэхье.
Ц.Бат