УИХ-ын
гишүүн, Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан өчигдөр Унгараас Монгол Улсад суугаа Онц бөгөөд
Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш, Биокомбинат ТӨААТҮГ-ын захирал
Б.Онолбаатар нартай уулзаж Биокомбинатын өргөтгөлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар
санал солилцлоо.
Унгарын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 1973
онд Биокомбинат ТӨААТҮГ-ыг барьж, өгсөн. Өнөөдрийг хүртэл тус үйлдвэрт технологийн шинэчлэл хийгээгүй байна.
Дээрх асуудлыг шийдэхээр Унгарын тал манай улсад 25 сая
ам.долларын хүүгүй зээл олгохоор болж, Монголын талаас техник эдийн засгийн
үндэслэлийг боловсруулах байсан ч 2015 оноос хойш өнөөг хүртэл
дорвитой ажил хийгээгүйг захирал Б.Онолбаатар хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсад нэн чухал энэ төслийг
урагшлуулах хүрээнд ямар ажлууд хийхийг тодруулж, ойрын хугацаанд
тусгай төслийн нэгж байгуулах шаардлагатайг онцоллоо.
Тэрбээр \”Хоёр орны парламентын бүлгийн даргын хувиар энэ
асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахыг хүссэн. Монголын тал техник эдийн засгийн
үндэслэлээ эцэслэн боловсруулаад 12 дугаар сарын 31-нд Унгарын талд
хүлээлгэн өгөх юм байна. Цаг хугацаа бага учраас бид түргэвчлэх
хэрэгтэй.
Манай албаны хүмүүсийн тайлбарласнаар техник эдийн засгийн
үндэслэлийг боловсруулах мэргэжлийн хүмүүс дутмаг. Тиймээс Унгарын
талаас мэргэжилтэн ирүүлж, зөвлөгөө өгөх, техник эдийн засгийн
үндэслэлийг боловсруулахад туслалцаа үзүүлэх асуудлыг тавьж байгааг надад
дуулгасан.
Унгар Улсаас өгч буй 25 сая ам.долларын зээлд техник эдийн
засгийн үндэслэлийг боловсруулах төсөв багтаагүй учраас ажил удааширч байгаа
гэж ойлголоо. Үүнийг шийдэх бололцоо бий, эсэхийг эрхэм Элчин сайдаас асууж,
тодруулах нь зүйтэй” гэв.
Элчин сайд Галошфаи Михай Матиаш, Монголын тал тогтсон
хугацаандаа техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулах нь чухал. Энэ сардаа
багтаад манай мэргэжлийн хүмүүс Монголд ирнэ. Энэ үеэр асуудлыг шийдвэрлэх
гарц олох байх гэж найдаж байна хэмээв.