Ардчилсан намын дотоод зөрчлөөс шалтгаалсан будлиан Орхон аймагт ИТХ-ын дахин сонгууль явуулах, түүний бүх зардлыг улсын төсвөөс
гаргуулах асуудал яригдаж эхэлжээ. Энэ талаар тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгч
А.Түвшинжаргал, Д.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид болон МАН-ын Улс төр, намын
байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Хууль, эрхзүйн газрын дарга Р.Саруул
нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2016 оны сонгуулийн өмнө Орхон аймгийн Ардчилсан нам
тухайн үеийн аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарсүрэнгийн тэргүүтэй
\”Шинэ ардчилал клуб” /ШАК/, \”Шонхор”
гэсэн хоёр фракц болон хуваагдаж дотоод зөрчилтэй байжээ. Ингээд 2016 оны
зургаадугаар сарын 29-ний өдөр болсон сонгуульд АН-аас ИТХ-ын 22 тойрог 33
мандатад 66 хүний нэр дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл фракц тус бүрээс 33 хүний
нэр өгснөөр асуудал үүсч эхэлсэн. Сонгуулийн тухай хууль зааснаар \”нам тухайн
орон нутгийн хурлын төлөөлөгчдийн тооноос илүүгүй хүнийг орон нутгийн хурлын
сонгуульд нэр дэвшүүлэх” ёстой байдаг байна. Ингэхдээ \”тухайн орон нутгийн
хурлын сонгуулийн тойрог тус бүрт ногдсон мандатын тоотой адил тооны хүнийг нэр
зааж дэвшүүлнэ” гэж заажээ.
Энэ дагуу Сонгуулийн Ерөнхий хорооноос \”Шонхор” фракцын
33 хүнд итгэмжлэл өгсөн ч 15 хүний бичиг баримтын бүрдэл дутуу байсан учраас хасч
материалаа дахин бүрдүүлж өгөхийг хүсчээ. Харин энэ үед ШАК фракцаас нэг ч
хүнийг оролцуулаагүй байна. Ийнхүү Орхон аймгийн АН хоёр фракц дунд маргаан үүсч
шүүхэд хандсан. Анхан шатны шүүхээс ШАК фракцийн 33 хүнээс бүртгэх шийдвэрийг
гаргасан ч тухайн үедээ анх бүртгэсэн Шонхор фракцийн 33 нэр дэвшигчийн дунд
сонгууль болоод өнгөрчээ. Гэвч энэ маргаан үргэлжилж шат дараалан шүүхээр
явсаар саяхан Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн
байна. Үүнээс улбаалан Орхон аймагт дахин сонгууль явуул гэдэг шахалт ирж
байгаа ажээ. \”Зөвхөн нэг нам буюу Ардчилсан намын дотоод зөрчлөөс болж Орхон
аймагт дахин сонгууль явуулах нь улсын төсвөөс дахин зардал гаргахад хүргэхийн
зэрэгцээ сонгуульдаа хуулийн дагуу оролцоод сонгогдсон МАН-ын төлөөлөгчдийн болон
ИТХ-т төлөөлөгчөө сонгосон 100 гаруй мянган иргэдийн эрх ашиг хөндөгдөж байна” гэж Орхон аймгийн
ИТХ-ын тэргүүлэгчид мэдээллээ.