Монгол, Турк улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль манай улсад амжилттай болж байна. Хамтарсан хээрийн сургалт, дадлага Цэргийн тусгай хүчний сургалтын төвд 21 хоногийн туршид үргэлжилж байгаа бөгөөд маргааш өндөрлөх юм.
Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан сургууль анх 2006, 2007 онд Турк улсын нутаг дэвсгэрт болж, 2008 онд Монголын нутаг дэвсгэрт болох товтой байсан ч тасалдсаар найман жил болжээ. Тэгвэл 2015 оноос эхлэн хамтарсан сургуулилтаа дахин сэргээж байгаа бөгөөд ирэх жил Туркийн нутаг дэвсгэрт болохоор товлоод байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, Турк улсын Тусгай хүчний 10 гаруй алба хаагч оролцсон энэ удаагийн сургуулилт тусгай хүчний чиглэлээр дагнаснаараа онцлог юм. Сургуулилтыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ удирдан явуулав. Сургуулилтын хаалтын ажиллагаанд Бүгд найрамдах Турк улсын Тусгай хүчний сургуулийн захирал, Турк улсаас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нарын албаныхан, Монголын талаас Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар нарын удирдлагууд оролцов.
Туркийн албаныхан хамтарсан сургуулийг үр дүнтэй, өндөр хэмжээнд болсныг онцлоод цаашдаа энэ хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж ажиллахыг хүсч буйгаа илэрхийлж байв. Монгол, Турк улсын хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбар чухал үүрэгтэйбөгөөд өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Турк улсад ажлын айлчлал хийж байв. Тэрээр тус улсын Батлан хамгаалахын сайд Исмет Иылмазтай уулзаж ярилцахдаа хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид Туркт суралцах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөтгөх, Туркээс манай зэвсэгт хүчинд үзүүлж буй буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан сургуулилтыг сэргээх тухай ярилцсан байдаг юм.