АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Жил болгоны төсөв маш хурдацтай өсөж байна. Дараа жилийн төсөв гэхэд 43.6 их наяд төгрөг болохоор байна.
Энэ нь цэвэр иргэдийн халаасыг тэмтэрч байгаа төсөв болно.Ардчилсан намын зүгээс ганцхан шаардлага тавьж байгаа. Үнийн өсөлтөд нэрвэгдээд буй иргэдийнхээ аж амьдралыг шийдвэрлэхэд анхаарсан төсөв гаргаж ирээч ээ. 2016 он буюу 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ 2026 оны наймдугаар сар гэхэд 91,410 төгрөгөөр авч байна.
Энэ бол төгрөг үнэгүйдэж байгаа хэрэг бөгөөд үүнийг тэр их төсөв баталж буй дарга нарын үйлдлээс болж байгаа юм. Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих гэж байна. Оюу-Толгойгоос орж ирээгүй байгаа гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө.
Энд ямар нэгэн дарга урдуур нь ороод энэ мөнгийг төсөвт оруулж, ямар нэгэн станц эсвэл дэд бүтцийн төсөл барих ямар ч боломж байхгүй. Хуримтлалын сангийн тусгай заалтад 34% болон төрийн эзэмшиж байгаа хувьд ашиг төлбөр нь гурван сан доторх хуримтлалын сангаасаа дамжин иргэний нэрийн данс руу орох ёстой.
Нийгмийн болон дэд бүтцийн төсвийг санхүүжүүлэх тусдаа хууль гаргаж ирээд, баялгийн сангийн иргэдэд очих ёстой гурван их наяд төгрөгийг татаж авч, улсын төсөвт оруулан, нийгмийн дэд бүтэц бариулна гэх. Барьж болно, гэхдээ баялгийн сангийн хуримтлалын мөнгийг авах эрх хэнд ч байхгүй. Энэ бол баялгийн сангаа барлагийн сан болгох гэж байгаа үйлдэл.
Мөн зургаадугаар цахилгаан станц барина гэнэ. Юун зургаадугаар станц? Эхлээд тавдугаар станцаа бариач.
Ардчилсан нам төсөв дээр маш хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл төсөв бол ард түмний амьдрал” гэлээ.











































































