ОУВС-ийн өргөтгөсөн
санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноор Монгол Улс төсвийн орлогоо нэмэгдүүлж , зарлагаа танах
шаардлагатай болсон. Үүний хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхээр 7 төрлийн
татварыг нэмэгдүүлэхээр болсон. Ирэх оны
1 дүгээр сараас нэмэгдэх гурван төрлийн татварт,
-Тамхи
согтууруулах ундааны онцгой албан татварыг 2018 оноос 10 хувиар, 2019 оноос 5
хувиар, 2020 оноос эхлэн 5 хувиар тус тус нэмэгдүүлэхээр тооцжээ. Харин хувь
хүний орлогын албан татварыг шатлальтай болгохоор тооцсон байна. Цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах
хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар 4
шатлал бүхий татвар ноогдуулахаар болжээ. Ингэж шийдсэнээр өндөр орлоготой
иргэдийн татварын ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, сарын 2,5 сая
төгрөгийн орлогод 11,2 хувиар, сарын 4 сая төгрөгийн орлогод 15,1 хувиар татвар
ногдож байна. Өнөөдрийн байдлаар 900
мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бол нийт татвар төлөгчдийн 95 орчим
хувь нь 10-аас бага хувиар татвар төлөхөөр үлдсэн 5 хувь нь татварын шатлалд
хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр болж байгаа юм. Ингэснээр тус татвараас төсвийн орлого 2018
онд 51,5 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж үзжээ.
Харин нийгмийн
даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй
адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах
орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7
хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8,5 хувь, 2020 онд тус бүр 9,5
хувьтай байна. Харин сайн дурын даатгуулагчийн
тэтгэврийн даатгалд сард төлвөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас 2019 онд 11,5
хувиас 2020 онд 12,5 хувиас багагүй байх өөрчлөлт оруулахаар тусгажээ.