Роботын автоматжуулалтын хөгжлөөс
үүдэн 2030 он гэхэд 800 орчим сая хүн ажилгүй болно гэсэн таамгийг McKinsey
Глобал институтээс дэвшүүлсэн байна.
Судалгаанд 46 орны 800 гаруй хүнийг
хамруулсан бөгөөд таван хүн тутмын нэг нь техник технологийн хөгжил,
автоматжуулалт ирээдүйд ажиллах хүчинд нөлөөгөө үзүүлнэ гэж үзжээ. Харин Герман
болон Америк зэрэг чинээлэг оронд амьдарч буй ажил эрхлэгчдийн гуравны нэг нь өөр
бусад ажилд бэлтгэх шаардлагатай байна хэмээн үзсэн аж. Түүнчлэн машин тоног
төхөөрөмжийн операторууд болон хүнсний технологийн ажилтнуудад робот
автоматжуулалтын хөгжил хамгийн их нөлөөлөх талтай гэж судлаачид таамаглалаа.
Харин автоматжуулалтын салбарт арай
бага хөрөнгө оруулалт хийдэг хөгжиж буй орнуудад роботуудын үзүүлэх нөлөө бага
байна гэж McKinsey үзжээ. Түүнчлэн Энэтхэгт шинэ гарч ирж буй автоматжуулалтын
технологи нийт ажлын байрны 9 хувийг орлоно хэмээн таамаглажээ.
Моргейжийн брокерууд, дунд
мэргэжлийн хуульчид, нягтлан бодогчид, оффисийн зарим туслах ажилтнуудад
роботын хөгжил хамгийн их нөлөө үзүүлэх бол хүмүүстэй өдөр тутам харилцаж
байдаг эмч нар, хуульчид, багш нар, бартендеруудад нэг их нөлөөлөхгүй гэж үзсэн
байна. Мөн ажлын хөлс багатай цэцэрлэгчин, слесарь, асрагч нарт автоматжуулалт
нөлөөгөө үзүүлэхгүй гэжээ.
Хөгжингүй орнуудад арай бага түвшний
боловсрол шаарддаг ажлын байрнуудын шаардлага өндөрсөж, илүү өндөр боловсрол
шаарддаг болно хэмээн таамагласан байна. 2030 он гэхэд АНУ-д 39-73 сая ажлын
байр үгүй болох ч тэдгээрийн 20 сая нь бусад үйлдвэрлэлийн салбар руу шилжин
ажиллах боломжтой болно гэж судлаачид дүгнэсэн байна. Харин Их Британид одоогийн
ажлын байрнуудын 20 хувьд нь автоматжуулалтын салбар нөлөөлөх аж.
Тэгэхээр дэлхийн улс орнуудын
засгийн газрууд цаг үеимйн хөгжлөө дагаад иргэдээ илүү нарийн мэргэшүүлэх
сургах шаардлага тулгарч буйг судлаачид онцлон тэмдэглэжээ.
Б.Болормаа